images

“Намхай аварга”


   1993 онд Эзэнтэй дууны уралдаан болох гэж байгаа тухай зар "Улаанбаатар" сонин дээр гарчээ. Тэр зарыг СГЗ, яруу найрагч Д.Данзан олж үзээд, хайчилж аваад хадгалчхаж гэнэ. Тэр жил Халхын алдарт Хадаа аварга бурхны оронд мордсон байсан учир түүнд зориулан нэгэн шүлэг бичжээ. Тэгээд шүлгээ хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравд аваачиж өгсөн байна. Тэд хоёул нэг байранд хамт амьдардаг учир яруу найрагч Д.Данзан шууд л гэрт нь зориглоод яваад орж. Тэгсэн өөдөөс нь“Сайхан шүлэг байна. Гэхдээ энэ бөх дотор чинь амьдралдаа өө сэвгүй явсан хүн байдаггүй юмуу” гэж хэлжээ. Тэгэхээр нь Д.Лувсаншарав гуайгаас санаа аваад бөхчүүдийн намтар түүхийг үзэж явсаар Намхай аварга хэмээх олны хайрыг даасан хүнийг олж мэдээд зориулж шүлэг бичсэн байна. Ингэхдээ ерөөсөө энэ дуу тэр хүний намтар түүх, амжилт гавьяаг харуулсан тодорхойлолт нь байг хэмээн бодож бичжээ. Тухайлбал, Эхний хоёр бадагт нь

"Шашин төрийн даншигийн

Арван түрүүг авсан

Шагшин магтсан түмний

 Ариун хайрыг даасан... 

Арван засгийн наадмын

Есөн түрүүг авсан

Алдар хүндийн оргилд

Ёсон зөвөөр хүрсэн..." хэмээн өгүүлжээ. Тэгээд энэ шүлгээ Д.Лувсаншаравд өгье гэсэн ч өмнө нь очоод гологдчихсон учир нутаг нэгт хөгжмийн зохиолч Д.Мяасүрэнд өгөхөөр шийджээ. Нэг өдөр Монголын радио дээр түүнтэй учрахад Д.Данзан шууд л учир байдлаа хэлтэл "Хөгжим бүжгийн дунд сургуульд  шүлгээ аваад хүрээд ир" гэжээ. Хэлсэн ёсоор нь аваачиж өгсний маргааш нь "Гэрт хүрээд ир" хэмээн дууджээ. Яваад очтол сонсгосон аялгуу нь чихэнд наалдаж өгсөнгүй гэнэ. Тэгээд "Бөх нь ч бөх юмаа. Гэхдээ арай л манай 40,50, 60-аад оны бөхчүүдийн дэвээ шаваа шиг год шод хийсэн юм болчхож. Намхай аварга бол арай өөр лүс, лүс хийсэн хүн байсан болов уу"  гээд л хэлээд орхиж. Тэгэхээр нь Д.Мяасүрэн "За чи тэгвэл ахиад маргааш хүрээд ир дээ" гэжээ. Ингээд хоёр дахь удаагаа зохиосон аялгуу нь сэтгэлд нь бүрэн нийцэж сая нэг бүтэн дуу болжээ. Дууны уралдаандаа ч оролцож 120 гаруй уран бүтээлтэй өрсөлдөж, түрүүлсэн гэдэг.