images

“Газрын жигүүр” киноны “Чулууны дуу”


   Одоогоос 45 жилийн тэртээ Монголын төмөр замын бүтээн байгуулалт, залуусын хайр сэтгэлийн тухай "Газрын жигүүр" кинонд өгүүлдэг билээ. 1978 онд дэлгэцнээ гарсан тус киноны зохиолыг Хорлоогийн Зандраабайдий бичиж, төрийн шагналт ардын жүжигчин Дэжидийн Жигжид найруулж, зураглаачаар УГЗ Гэнэнгийн Цэрэн ажиллажээ. Харин “Чулууны дуу”-ны хөгжмийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, шүлгийг УГЗ Б.Чимэддорж зохиож, ардын жүжигчин Самбуу дуулжээ. УГЗ, найруулагч Б.Чимэддорж Монголын радиогийн “Дуун увдис” нэвтрүүлэгт энэ тухай ярихдаа “Газрын жигүүр Төмөр замын байгууллагын 40 жилийн ойгоор хийгдсэн юм. Ерөнхий найруулагчаар Жигжид багш маань, би туслах найруулагчаар ажиллаж байлаа. Энэ киноны нэг хэсэгт найр хийж байгаагаар гардаг.Түүн дээр дуу хэрэгтэй болсон юм. Би анх шүлгээ биччихээд Лувсаншарав гуайн гэрт аваачаад өгтөл 200 гаруй нот гаргаад ирсэн. Эргүүлж тойруулж үзэж байгаад "Энэ л таарах юм байна" гээд нэгийг сугалаад өгсөн дөө. Тийм олон нот бичээд хадгалчихсан байхыг анх удаа л харсан. Авьяастай улсууд өөр” хэмээжээ. Харин Ардын жүжигчин Самбуу өгүүлэхдээ “Би Лувсаншарав багшаас нотоо авсан өдрөө л сурсан санагдаж байна. Кино үйлдвэр дээр очсон Самбуу гээд дууны оператор сууж байсан. Бичлэгтээ орсон эхэндээ дууны темп нь зөрөөд их ажил болсон ч яаж ийж байгаад эвлүүлээд гаргасан даа” хэмээжээ.