images

Монгол хүн сансарт ниссэн үйл явдлыг шууд дамжуулсан минь


МҮТВ-ийн нэвтрүүлэх төвийн ахлах инженер Д.Цэдэвсүрэн гуайн дурсамж хууч

   1979 онд намайг MРТУX-ны ерөнхий инженер гэсэн том албан тушaaлд тавилаa. Hэгэнт Радио, Телевиз, МОНЦАМЭ-гийн техникийг бүхэлд нь удирдаж, хариуцаж байгаа хүний хувьд удахгүй болох сансрын нислэгийн тэр том ажилд техникийн группийг толгойлох үүргийг хүлээлээ. Ер нь бэлтгэл ажлаа эртнээс эхэлсэн дээ. МYТВ-ийн захирал асан Д.Жаргал, радиогийн Хасбазар бид гурав Унгарын нисэгчийг сансарт нисэх үед уран бүтээлийн дадлага хийх, тоног төхөөрөмж, техник технологитой танилцахаар Останкино явж билээ. Телевиз, радиогийн группийг бүхэлд нь (MРTУX-ны дарга байсан) Чойжил гуай ахалж, яруу найрагч Ш.Cүнжaв, нэвтрүүлэгч Д.Нарантуяа бидний хэсэг хүмүүс “Останкино”-д ирлээ. Бид нислэгээс 10 гаруй хоногийн өмнө очсон юм. Өө, тэнд бэлтгэл ажил маш их байсан. Хоёр өөр улсын экипаж хэл амаа ойлголцох, ааш араншингaa мэдэлцэх, тоног төхөөрөмжтэйгөө танилцаж, түүнийг эзэмших, дээр нь холбооны бүх сувгийг найдвартай хангах гээд олон асуудал чухал байлаа. Чойжил гуай Байконурт шууд нэвтрүүлгийн тайлбар хийхээр явж, үндсэндээ группээ би толгойлж үлдэв. Hэвтрүүлэгчээр Нарантуяа, нэвтрүүлгийн тайлбарыг хийхээр яpуу найрагч Ш.Cүнжaв гуай бид хэд хамтдаа. Тэгсэн нэг аcyyдал гарлаа. Яг сансарт монгол хүн ниссэн тэр үеийн эфирийг хэн эхэлж нээх, хаанахын диктор эхэлж унших вэ гэдэг дээр маргаан үүслээ. Ер нь нарийн юман дээр улс төрийн бодлого харагддаг юм билээ. Элчин сайдын яаманд хүртэл маргаан дэгдэж байж манай Hapaнтуяа нэвтрүүлэгч эхэлж нээх болсон юм. Тэр үед Ю.Цэдэнбал дарга Москвад ирчихсэн байж байдаг. Бид болохоор даргыг Монголд байгаагаар үзүүлье гэж шийдсэн юм. Тэгээд Элчин сайдын яамны нэг өрөөг суллаж, даргын гэр болгож зургийг нь авахаар зохион байгуулав. Гэрийн тавилга, өнгөт телевизор худалдаж аваад, бас нэг хүүтэй нь хамт байлгаж зургийг нь авч билээ. Элчин сайдын яамны гадна явуулын станц зогсоогоод Останкино студи нислэгийг удирдах төв Байконур, Улаанбаатар, Москва, Элчин сайдын яамны дурсийг оруулж байж дамжуулсан даа. Энэ түүхэн үйл явдлыг дэлхий нийтэд, Монголын үзэгчдэд нэр төртэйгөөр хүргэсэн телевиз, радиогийн уран бүтээлчид, техникийн ажилнууд, тэнд ажилласан бүх хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэж явдаг даа.

Пэрэнлэйн Алтанцэцэг. "Сэтгэл зүрхний бичлэг - 40 жил” ном. 191 дүгээр тал.