images

“Цэцэгт цэнхэр алчуур”


   1960,70-аад оныг нийтийн дууны оргил үе гэдэг. Энэ үед шүлэг аялгуугаараа өвөрмөц өнгө аясыг авчирсан нь “Цэцэгт цэнхэр алчуур” дуу юм. Уг дууны аялгууг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр, үгийг Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа зохиожээ. Харин анх дуулж олонд хүргэсэн нь дуучин, улсын гавьяат жүжигчин Самбуугийн Боорой билээ. Тэрбээр Монголын радиогийн “Дуун увдис” нэвтрүүлэгт ярихдаа “Д.Баттөмөр маань нэг өдөр манай дуучдын өрөөнд “Чиний хоолойнд л тохирногэсээр нэг дуутай хүрээд ирсэн. Төгөлдөр хуур дээрээ өөрөө аяаа тоглож үзүүлээд, сонсгосон нь их сайхан үг, аятай санагдаж байв. Би ч тэгье, дуулалгүй яахав гэтэл “Би маргааш хөгжмийн зохиолчдын дууны уралдаанд өгөх гэж байгаа юм. Тэнд зүгээр бичлэг сонсгочих учраас чамд л найдаад ирлээ. Одоо таван цагт Хөгжим бүжгийн сургууль дээр дөрвөн хүүхэд бий. Тэд найруулгыг нь хийчихнэ. Чи очоод сургуулилт хийчих. Маргааш өглөө бичүүлчихье” гэлээ. Хэлснийх нь дагуу ч яваад очтол таньдаг хүмүүс ч сууж байна, нийлж аваад л хоёр, гурван удаа сургуулилт хийгээд дуулаад авлаа. Дуу маань ч уралдаандаа нэгдүгээр байранд шалгарч, бүгд бөөн баяр эргэж уулзаж байлаа. Намайг гадуур тоглолтод явахад хүмүүс дандаа "Энэ дуугаа дуулаач ээ" гэж хүсдэг. 1975 онд анх дуулсан гэж бодоход өдийг хүртэл “Цэцэгт цэнхэр алчуур”-тайгаа олны сэтгэлд хоногшсон юм байна даа” хэмээжээ. Харин хөгжим судлаач Р.Ганбаатар “Д.Баттөмөр бол өргөн сэдвийг хамардаг хөгжмийн зохиолч. Нийтийн дууны салбар тухайн үедээ ийм сэдэвтэй дуугаар дутуу байсан. Түүний зайг дүүргэж, шинэ өнгө аяс авчирч чадсан. Дууны уран бүтээлчдийн хувьд хоёул ижил зөөлөн зан чанартай хүмүүс учраас гараас нь сайхан уран бүтээл гарсан байх. Дуучин нь ч ард түмэнд хүргэхдээ өгүүлэмжтэй хэлбэрээр хүргэсэн гэж хардаг” гэжээ.