images

“Дэрэнгийн хар азарга”


   2000-аад оны үед яруу найрагч, сэтгүүлч Ц.Чимэддорж нэгэн шүлгээ “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач Б.Ганбатад аваачиж өгчээ. Тэгэхдээ “За хө чи чинь манай Дэрэнгийн гаралтай гэнэ" хэмээн эхэлсэнд Б.Ганбат Би Улаанбаатарын унаган хүүхэд. Аав Бадамдорж маань Дэрэнгийн уугуул хүн” хэмээн танилцжээ. Ингээд Ц.Чимэддоржийн өгсөн шүлэг нь “Дэрэнгийн хар азарга” байв. Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа Ц.Чимэддорж утсаар “Дуу яасан бэ?” хэмээн өндөр дуугаар ярьсанд Б.Ганбат нь дуунд нь ая хийгээд радиогийнхний үүрч явдаг дуу хураагуурт бичүүлсэн хэлж. Ингээд дуулах хүний эрэлд гарч, “Хар сарнай” хамтлагийн дуучин Х.Амармандах, "Хурд" хамтлагийн Төмөрцогттой уулзав гэнэ. Тэд хоёул “Амжихгүй нь”, “Дуулж барахгүй байх”, “Харин "Чингис хаан"-ы Д.Жаргалсайхан л дуулна даа” гэсэн хариу өгчээ. Хэлсэн ёсоор Д.Жаргалсайханд хандтал тэр ч зөвшөөрч, үзэгчид ч сайнаар хүлээж авсан байна. Дуу олон нийтэд хүрсний дараа хөгжмийн зохиолч Г.Бирваа Б.Ганбатын өрөөнд очоод “За миний хүү би чамд баяр хүргэх гэж явна. Чи ёстой нэг донжийг нь олсон бүтээл хийжээ. “Дэрэнгийн хар азарга” чинь хурдална аа хө. Өвгөн ах нь чамд баярлаж байна” гэж хэлжээ. Харин дууны клипийг Налайхын хөдөө талд хэдэн мянган адуу аваачиж хийсэн байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин