images

“Тунгалаг Буянт”


    Ховд нутгийнхны сүлд дуу болсон “Тунгалаг Буянт” дуу монголчуудын сонорт анх хүрснээс хойш 68 жил болжээ. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуай энэ дууг анхлан дуулсан талаараа ийн хүүрнэж байжээ.

   “1954 онд би наймдугаар ангийн сурагч байв. Улаанбаатар хотод Ховд аймгийн соёл урлагийн өдрүүд болж, сайн дурын уран сайханчид, Ховдын театрын жүжигчид хамтарсан тоглолт хийж байсан юм. Одоогийн хотын захиргаа байгаа ногоон оройтой жижигхэн байшинд “Алтай” зочид буудал байв. Бид тэнд байрлаад, Төв театрт бэлтгэлээ хийдэг байлаа. Орон нутгийн соёл урлагийн өдрүүд болж байсан болохоор тухайн орон нутгийн дуу хэрэгтэй байсан байх л даа.

   “Тунгалаг буянт” дууны үгийг манай Ховд аймгийн дуучин, жүжигчин Лхашид ах бичиж, мөн Ховд аймгийн театрын хөгжимчин Балдан гэдэг залуу аяыг нь хийсэн юм. Ингээд дуу төрж, тайзан дээр надаар дуулуулахаар Д.Лувсаншарав багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч Л.Ванган багш нар шийдсэн юм. Надад өгөхдөө “Чи сайн дуулна шүү. Буянт гол танай сумын нутгаар урсаж гардаг. Чиний нутгийн голын дуу шүү” гэж хэлсэн юм. Би хүүхэд насаа Буянт голынхоо эрэг дээр барилдаж, тоглож, шумбаж, наранд нь ээж өссөн хүн юм. Зуны халуунд голынхоо эрэг дээр өдөржин тоглосон бид монгол үхрийн тугалнаас ялгагдах зүйлгүй хүрэн бор юмнууд л гүйлдэж байдаг байлаа. Аль нь хүүхэд, аль нь тугал нь ялгагдахгүй тэгж л бага насаа өнгөрүүлсэн юм даа”.

Эх сурвалж: www.time.mn