images

“Гайхмаараа”


   1970-аад оны үед хөгжмийн зохиолч З.Батсүх Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байжээ. Нэг өдөр урлаг судлаач Ж.Бадраа түүн рүү утасдаж “Нэг дууны шүлэг байна. Чи л ая хийж чадна. Ирж үзэхгүй юу” гэж хэлжээ. Тэр нь “Гайхмаараа” дууны шүлэг байсан гэдэг. 1971 оны хавар Ардын дуу бүжгийн чуулгынхан баруун аймгуудаар урлагийн бригадаар явах бэлтгэлээ базаагаад ажил ихтэй үе байж. Тэр үед хөдөө явахаасаа өмнө хэмээн яаравчлан богино хугацаанд энэ дууны аяыг зохиосон гэнэ. Тэгээд аяаа хийчхээд хэнээр дуулуулахаа ярилцаж байтал өрөөнд нь гавьяат жүжигчин Д.Банзрагч ороод иржээ. Тэгэхээр нь шууд л “Чи үүнийг дуулахгүй биз?” гэтэл Д.Банзрагч ч ноттой нь аваад гарчээ. Тэгтэл хэд хоногийн дараагаас радиогоор “Гайхмаараа” дуу цацагдаад эхэлсэн байна. Д.Банзрагч урлагийн бригадаар хөдөө явахынхаа өмнө ардын найрал хөгжимтэй радиод бичүүлсэн нь тэр байж. Улмаар хөдөөгийн аймаг, сумдад очиход нь тоглолт дээр нь заавал “Гайхмаараа”-г олон дахиулж дуулуулдаг байсан гэдэг.