images

“Есөн эрдэнийн орон” найраглалаа музейн жижүүр хийж байхдаа бичсэн


   “Есөн эрдэнийн орон” гэдэг найраглалаа би 1971 онд бичсэн юм. Тэгэхэд би Д.Нацагдоржийн музейд манаач, цэвэрлэгч, тайлбарлагчаар ажиллаж байлаа. Тэр үед ганц би биш Чойжилжавын Лхамсүрэн, Нанзадын Надмид гуай гээд ахмад зохиолчид жижүүр хийдэг байсан юм. Манай Б.Лхагвасүрэн музейн үлгэрийн танхимын эрхлэгчээр ажилладаг байсан. Би “Есөн эрдэнийн орон” гэх тэр авиа чимээг анх 1958 онд Монголч эрдэмтдийн анхдугаар их хурал Монголд болоход л сонсож, мэдэж байв. Анхдугаар хуралд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен зэрэг алдартай томчууд бүгд оролцож, тэднийг дэргэдээс нь харсан юм. Тэдэнд зориулан хуучин ном судрын үзэсгэлэнг төв номын сангийнхан дэлгэчихсэн байв. Тэр үзэсгэлэн дунд есөн эрдэнээр бичсэн Сандуйн жүд судар байсан. Уг судраас л би есөн эрдэнэ гэдгийг мэдэж авсан юм. Дараа нь 1966 онд Зохиолчдын эвлэлийн хороон дээр Х.Цэвэл гуайтай таарч, есөн эрдэнэд юу юу багтдагийг асуулаа. Тэгсэн Х.Цэвэл гуай дэвтрийн хатуу цаасан дээр хуучин монгол үсгээр алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, зэс, ган, тана гэж бичиж өгөв. Тэгээд л би Д.Нацагдоржийн музейд жижүүр хийж байхдаа нэг шөнө л нооргоо харж байгаад есөн эрдэнээ эгнүүлээд, алт гэхэд тариа, бөгж, алтан нар ордог юм байна гэж жагсааж байгаад л дөрөв дөрвөн мөрөөр бичсэн түүхтэй. Ингээд 1971 оны хавар дөрөвдүгээр сарын 21-нд Өмнөговь аймгийн Овоотын отрядь руу явахдаа “Үнэн” сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаадаа бичсэн найраглалаа үлдээгээд “Сониндоо нийтлээрэй” гээд явсан. Найраглал маань ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд гуравдугаар байрын шагнал эзэлж, тэр үедээ 3000 төгрөгөөр шагнуулав. Тэр үеийн 3000 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Гэртээ зөндөө тавилга аваад л… Найраглал маань их ээлээ өгсөн бүтээл дээ. Тэр уралдааны нэгдүгээр байранд Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал орсон байдаг. Харин хоёрдугаар байранд бүтээл шалгараагүй юм. Би “Есөн эрдэнийн орон” найраглалаараа өөрийн хоёр ч номоо нэрлэсэн дээ.

П.Бадарч. “Судартай ногоон дэлхий дээр, би” номоос.