images

“Дэлхий ээж”


   “Дэлхий ээж” дууны шүлгийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1980 онд зохиожээ. Уг шүлэг дээр хөгжмийн зохиолч Р.Энхбазар аялгуу нэмсэнээр ард түмний дунд олон жил дуулагдах хайртай уран бүтээл болсон юм. Энэ дууны “Дэлхийн ээж тандаа би хайртай” хэмээх мөрийг урлаг судлаачид байгаль болон өв соёлоо хамгаалах үзэл санааны тод илрэл гэдэг. Мөн энэ дууг Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулж бүтээжээ. Тухайн үед улс төрийн дууны уралдаан зарлахад уг хоёр уран бүтээлч хамтарсан бүтээлээ сойхоор шийджээ. Энэ тухай хөгжмийн зохиолч Р.Энхбазар 2017 онд zindaa.mn сайтад ярихдаа "Би нийтийн дуунд хөгжим судлаач, шүүмжлэгч гэдэг үүднээсээ хандаж хэдэн дуу бичсэн юм. Тэр үед ээжийн тухай дууг санасан, хүлээсэн, үгүйлсэн, бачуурсан жаахан зовлонтой маягаар бичдэг байв. Тэгээд Г.Мэнд-Ооёод ээжийн тухай дууг арай өөр байж болдоггүй юм уу гэж хэлж байлаа. Хоёулаа нэлээд ярьсаны эцэст “Дэлхий ээж” гэдэг санаагаар хийхээр болсон. Ээжийг байгаль дэлхийтэй холбож, арай өргөн цар хүрээтэй сэтгэж бичсэн байсан. Тэгээд Э.Бадар-Ууганаар дуулуулж наадамдаа оролцож шагнуулж байлаа” гэжээ.