images

Монгол цэргүүд Нил мөрөнд дарийн утаа үнэрлэсэн нь


   2004 оны "Иракийн эрх чөлөө" ажиллагаанаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн найман ээлжинд үүрэг гүйцэтгэсэн, тухайн үеийн Өмнөд Судан дахь UNMISS ажиллагаан дахь Монголын гуравдугаар ээлжийн батальоны захирагч, хурандаа Батсуурийн Эрдэнэбатын (одоо бригадын генерал) өгүүлсэн нь. Түүний өгүүлснээр Иракийн ажиллагааг эс тооцвол цагийн байдлын хувьд хамгийн хүнд нөхцөлтэй нь 2013-2014 онд гүйцэтгэсэн энэхүү Өмнөд Судан дахь гуравдугаар ээлжийн ажиллагаа ажээ. Уг ажиллагааны 10 жилийн ой ирэх 11 дүгээр сард болно.        

   "НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагааны цэргийн хүчний командлагч, Монгол улсын гурав дахь ээлжийн мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар 2014 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын нэгний өдрүүдэд Энэтхэг улсын батальоны цэргийн алба хаагчидтай хамтран нийслэл Жуба хотоос Малакал хот руу усан замаар НҮБ-ын түлш, хүнснийг тээвэрлэх цувааны хамгаалалтад батальоны сургалтын офицер, ахмад Д.Мөнхбатаар ахлуулсан ахлах ахлагч Г.Төрбаатар, дэд ахлагч Л.Содхүү, Б.Дэлгэрсайхан нарын дөрвөн цэргийн алба хаагч хүн нэг бүрийн зэвсэглэл, хоёр нэгж моторт завьтайгаар сар шахам үүрэг гүйцэтгээд ирлээ.

   Томилогдсон бүлэг нь усан тээвэрлэлтийн үед холбогч офицерууд, багийн ахлагч нарыг орон нутгийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд орон нутгийн болон SPLA (Sudanese People Liberations Army) буюу Ардын чөлөөлөх армийн удирдлагуудтай уулзах үед эрэг рүү хүргэж өгөх, шаардлагатай тохиолдолд усан замаар эргүүл хийх бүрэлдэхүүнийг тээвэрлэх үүрэгтэйгээр оролцсон.

   2014 оны дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Жуба хотын усан боомтод Энэтхэг улсын цэргүүдтэй хамтран хоёр завины ажиллагаа, үүрэг гүйцэтгэх боломжийг судлах зорилгоор өдөрт хоёр цагийн багтаамжтай дадлага сургуулийг хийж байв. Үүрэг гүйцэтгэх хугацаанд манай 4255 дугаартай завь 24 мото/цаг, 4256 дугаартай завь 48 мото/цаг, нийт 72 мото/цаг усан замд ажиллажээ.

   Дөрөвдүгээр сарын 13-ны 10:20 цагт Жуба хотоос НҮБ-ын гэрээт ачааны хоёр усан онгоц, Энэтхэг улсын II батальоны 50 цэргийн алба хаагчтай хамт хөдөлгөөн үйлдэж 63 км усан замыг туулан Мангалла сууринд Энэтхэг улсын дамжин өнгөрүүлэх баазад хоноглов.

   Маргааш өдрийн 08:30 цагт Мангалла усан боомтоос НҮБ-ын гэрээт "Tristar" компанийн түлш тээврийн усан онгоцтой нийлж цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Уг усан онгоц нь 150 м урт, 1000 тн түлш тээвэрлэх хүчин чадалтай онгоц бөгөөд тухайн үед 400 тн түлштэй байлаа. Хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн 18 км яваад байтал цуг явж байсан ачааны хоёр жижиг онгоц хайрдсан тул татан гаргах ажиллагааг 11:00-12:30 цагт зохион байгуулан цааш 50 км зам туулж Геммайза сууринд 16:15 цагт ирж хоноглохоор бэлтгэл ажлаа хангасан. Энэ үед ард явж байсан хоёр ачааны завь дахин хайрдсан тухай мэдээ авч 15 км газраас татан гаргалт хийхээр манай хоёр завь, томилогдсон бүрэлдэхүүний хамт түлшний ачааны онгоцны толгойг хайрдсан хоёр завийг чирэх зорилгоор салган авч 22:20-02:35 цагт татан гаргалт хийж авчирлаа. Энэ ажиллагаанд манай завины бүрэлдэхүүн эхний ээлжинд хоёр завины байр, байдлыг мэдэхээр, дараагийн ээлжинд татан гаргалтад шаардлагатай олс тээвэрлэх, олсыг чирэх, газраас бэхлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

   Маргааш өдрийн 08:00 цагаас цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн долоон километрт дахин нөгөө хоёр завь хайрдахад татан гаргалтыг зохион байгуулж, цааш 50 км яваад Бор хотод ирж АЧА-ийн цэргийн удирдлагуудаас хөдөлгөөний зөвшөөрөл хүлээж Энэтхэг улсын цэргийн баазад дөрөв хоног саатав. Энэ хугацаанд буюу 17-ны өдрийн 11:00-12:00 цагт Энэтхэгийн цэргийн бааз дахь лагерьт АЧА-ийн цэргүүд халдлага үйлдэн 47 иргэн амь үрэгдэж, 30 хүн шархадлаа. АЧА-ийн хоёр цэрэг Энэтхэгийн цэргүүдэд алагдсан ба бид Балбын вант улсын батальоны 40 цэргийн алба хаагчийн хамтаар 19-ний өдрийн 15:15 цагт хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэв. Бор хотод байх хугацаанд НҮБ-ын гурван усан завь болон манай завины иж бүрдэл, авч яваа зүйлсэд АЧА-иас хоёр удаа бүрэн хэмжээний шалгалт явуулсан юм. Түлшний завинд 600 тн түлш шахаж нийт 1000 тонн түлштэйгээр Бор хотоос цааш хөдөлгөөн үйлдэж тэр өдөртөө 28 км, маргааш нь 70 км, 21-ний өдөр 90 км замыг туулж хоноглолтыг зохион байгуулав.

   22-ны өдрийн 11:05 цагт Адок сууринд ирж АЧА-ийн болон орон нутгийн удирдлагуудтай холбогч хоёр офицер уулзах үеийн ажиллагаанд манай хоёр завь хамгаалалтын бүрэлдэхүүний хамт үүрэг гүйцэтгэлээ. Орон нутгийн удирдлагын хүсэлтийн дагуу 20 л дизель түлш өгч 15:10 цагт цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн 90 км яваад хоноглосон.

   Маргааш өдөр нь 110 км усан зам туулан Фангак сууринд хоноглоод 24-ний өдөр цааш 15 км орчим яваад байтал АЧА-ийн отолтод орж халдлагад өртөв. АЧА-ийн цэргүүд эхлээд автоматын чиглэсэн буудлага хийж, хажуугийн гал явуулсны дараа гранатомётоор том ачааны хөлөг онгоцны хөдөлгүүрийг хоёр удаа буудаж, цааш явах боломжгүй болголоо. (Тус хөлөг онгоцонд Монгол улсын батальоны дөрвөн цэргийн алба хаагч, Балбын вант улсын 28 цэргийн алба хаагч, НҮБ-ын хоёр холбогч офицер, таван энгийн ажилтан байв). Халдлагын улмаас цааш хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон тул Балба улсын батальоны хамгаалалтын цэргүүд мандатад заагдсаны дагуу эхлээд анхааруулах буудлага хийсэн боловч АЧА-ийн цэргүүдийн хариу гал хүчтэй явагдаж байсан тул пулемёт болон гранатомётоор хариу гал явуулав. АЧА-ийн цэргүүд автомат, пулемётоор тасралтгүй гал явуулж, гранатомёт болон миномётоор 10-15 орчим удаа буудан хоёр талын буудалцаан 10:30-12:30 цаг буюу хоёр цаг үргэлжилж, АЧА-ийн цэргүүд байрлалаа орхин явснаар гал зогссон.

   Энэхүү буудалцааны улмаас Монгол улсын батальоны сургалтын офицер, ахмад Д.Мөнхбат гранатомётын инертийн гранатын хэлтэрхийд зүүн нүд болон хөмсөгний хооронд, хацар, хамартаа шархдаж, Балба улсын батальоны нэг цэргийн алба хаагч хөлөндөө буудуулж, хоёр энгийн иргэн хөл, толгойдоо шархадлаа.

   Цуваа цааш хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон тул үлдсэн хоёр усан онгоцондоо бүх ачаагаа ачаалж, бие бүрэлдэхүүн хоёр хуваагдаж Фангак сууринд 17:30 цагт буцан ирж хоноглов. Халдлага болсны маргааш буюу 25-ны өдрийн 13:00 цагт НҮБ-ын хоёр нисдэг тэрэг ирж шархтануудыг Малакал хот руу татан гаргасан.

   Халдлага болсны улмаас 4266 дугаартай завины зүүн талын хойд секцэнд гурван газар цоорсныг нөхөж ажиллагаанд оруулав. Дээрх халдлагын үед Балба улсын цэргүүд өөрсдийн тавигдсан үүргээ мандатад заагдсаны дагуу мадаггүйгээр эрэлхэг зоригтой биелүүлж, даргаас өгөгдөх команд дохиог зөв дамжуулан оновчтой шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байснаар хохирол бага амссан юм.

   Cypraмж:

   - Бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг сайтар хангуулж, аюулгүй байдлыг хангуулах;

   -Үүрэг гүйцэтгэх газар орны үнэлгээг сайтар хийж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх аюулаас apra хэмжээнүүдийг тодорхойлж өгөх;

   - Хүч хэрэглэх дүрмийг сайтар судлуулж, дүрэмд заагдсаны дагуу хүчийг багаас нь эхлэн хэрэглэх;

   - Хүнсний хувьд аль болох түргэн муудахааргүй олон хоног болох хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэж (хамт явж байгаа орнуудын цэргүүд үхэр, гахай мах болон манай зарим нэгэн хүнсийг хэргэлдэггoй учир хоолны сав заавал тусдаа авч явах)

   - Манай уутан хөнжил их зузаан, чийг их татаж байгаа тул халуун оронд хэрэглэхэд тохиромж муутай. Усан замын тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэх үед тээвэрлэж яваа завь (онгоц), ачааг сайн судалж, хамгаалалтын хэсгүүдийг хөдөлгөөн үйлдэхээс өмнө сайтар төхөөрөмжлөх.

   - Усан замд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүн нь байнга гадаа, задгай талбайд ажиллаж, хоноглож байдаг тул байрлах майхан, эвхдэг ор, нарны туяанаас хамгаалах болон харшлын эсрэг хэрэглэгдэх тос, эм, цус тогтоох эм, тариа авч явах.

   - Холбооны техник хэрэгслийн хувьд сансарын "Inmarsat", "Thuraya" утас авч явсан. Үүрэг гүйцэтгэлтийн хувьд "Inmarsat" нь сүлжээ орохдоо удаан, цаг хугацаа их алддаг, "Thuraya" утас нь үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Цаашид урт хугацаанд холын эргүүлд явж байгаа бүрэлдэхүүний удирдлагад орон нутгийн үүрэн телефон утасны нэгж авч өгч явуулж байх. Хот, сууринд утасны сүлжээтэй тул орон нутгийн үүрэн телефоныг ашиглах боломжтой".

 

Ү.Амгаланбаатар, Ц.Эрдэнэбаяр. “UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамж” ном. 2014 он. 108-113 дугаар тал.

 Гэрэл зургийн эх сурвалж: United Nations Mission in South Sudan Фэйсбүүк хуудас.