images

“Гэртээ ирлээ”


    Энэ дууны шүлгийг 1993 онд СГЗ яруу найрагч Д.Данзан бичжээ. Тэрбээр 1994 онд “Эгшиглэнт нас” шүлгийн түүвэртээ “Гэртээ ирлээ” дууныхаа шүлгийг хэвлүүлсэн байна. Түүнээс нэг жилийн дараа өөрийн найз хөгжмийн зохиолч Л.Галмандахдаа өгтөл хэд хоногийн дараа шүлгэнд нь аялгуу зохиочихоод уулзжээ. Тэгээд эхнэрээрээ дуулуулж сонсготол Д.Данзанд төдийлөн чихэнд нь наалдсангүй гэнэ. Тэгээд 1996 онд Эрхэмбаяр начинд энэ дуугаа өгтөл арай өөр сонсогдож, болмоор ч юм шиг санагдсан байна. Тэр ондоо мөн Г.Эрдэнэбатад өгөв. Уг хоёр хүний дуулсан даруйд дуу олонд хүрч, хүн болгон хэсэгтээ л амнаасаа салгахаа байсан гэнэ. Харин Бөхийн холбоонд ажилладаг байсан яруу найрагч Д.Данзан 1993 оны өвөл Бөхийн өргөө барих хандивын мөнгө цуглуулах ажилдаа шамдаж байжээ. Тухайн үед их хүйтэн өвөл болж байсан бөгөөд нэг удаа үдийн цайны цагаараа ажил дээрээ очоод хоёр давхрын шатаар өгсөж явтал “Халуу дүүгсэн ажилдаа ирлээ” гэсэн үг санаанд нь буусан байна. Үүнээс үүдэн “Гэртээ ирлээ” дуугаа  тухайн үеийн нийгэмд залуусын ярьж, мөрөөддөг цагаачлалын сэдэвтэй холбоод бичсэн байна. Мөн тэрбээр zindaa.mn сайтад ярихдаа “1990-ээд оны эхэн үед хүмүүс цагаачлах тухай их ярьдаг байлаа. Гадаадад цагаачлах сайхан байна, Монгол шиг муухай орон алга энэ тэр гээд л их ярьж байсан үе. Би их гайхаж, цагаачлах гэдэг үг чинь юу билээ. Монгол шиг минь сайхан орон хаа байна гэж их эмзэглэж боддог байсан. Гэр орондоо хайртай байж эх орондоо хайртай байна биз дээ” хэмээжээ.