images

Дайны хар сүүдэр


   "Эмээ маань дайны хүнд жилүүдийн эрээн бараан амьдралын талаар их тодорхой зүйл ярьдаг байсан ч тогтоож авч үлдсэн нь даанч цөөн ажээ. Дайн эхэлсний дараа дэлгүүр, агентаас цай, ryрил, тамхи удаж төдөлгүй алга болжээ. “Юм их учиртай. Цаг нь ирэхээрээ хэдийд зарагдаж дуусах юм бол гэмээр дэлгүүрийн овоолгоотой бараа оргүй алга болчихдог юм билээ. Хүн гэдэг амьтан байхад нь гар татаад худалдаж авдаггүй хэвцэг мөртөө алга болонгуут нь эрэл сурал болдог” гэж ирээд эмээ ярьдаг байв. Нэг боодол орос дүнсэн тамхины үнэ тэнгэрт хадаж, тамхи татах дуртай хүн тал боодол дүнсэн тамхийг өөхөн сүүл нь горвитож балцайсан бүдүүн иргээр худалдан авч байсан гэдэг. Гурил олдохгүй болохоор овьёос, цулхирын гурил идэж байж. Дугуй булант цай нэгэнт байхгүй болсон тул маарамба явсан артелийн ажилчдыг дагаж, Хангайн нуруунаас цайны ургамал түүж ирээд хатааж, хандалж цай чанадаг байжээ. Дээлийн өнгөний даалимба дэлгүүр xоршooнд байхгүй болж, хуучин гандаж муудсан дээлийнхээ уранхай цоорхойг олдсон элдэв өнгийн даавуугаар нөхөж өмсөөд, өвөл бол дан нэхийгээр өнгөлөлгүй дээл хийж өмсдөг болжээ. Банжаа маань “Шаазан аяга олдохоо байсан тул шавраар аяга хийж үзсэн. Mанай артельд шавар шорооны aжил хийдэг Чуваадар, Чуваанз гэдэг хоёр хятад хүн байсан. Тэднээр заалгаад шавар аяга хийж үзсэн юм. Эхлээд шавраар хийсэн аягаа хатаж эвэрсний дараа дотор гадаргүй шар цавуугаар цавуудаж, нарийн элcээр шаваад бааюуны тоосго шатаадаг байсан зууханд шатаахад шавсан элс нь дороо хайлаад, сайхан хүрэн өнгийн паалантай шавар аяга болдог байсан. Сүмийн оройн дээврийн паалантай ваар хийдэг байсан хятадууд хаанааc ваарны паалангийн нарийн элс татаж авдгийг сайн мэддэг байв. Элс чинь паалан болдог нэг төрлийн шил байгаа юм. Нэг гэм нь тийм аяга гарт жаахан хүнд оргиод удаан баривал бугуй чилдэг, заримдаа хонхорхойд нь гурил үлдчихдэг байсан. Тэр зэргийн өө юуны дараа болох билээ. Хүний гавлаар хийсэн аяганд багадаа хоол идэж чаддаг байсан. Харин тараг идээд, долооход л жаахан эвгүй байдаг юм” гэж хуучилж билээ. Дайны жилүүдэд аливаа эд юм ийм л тарчиг ховор байжээ. Дайны хар сүүдэр малчин монгол айл бүрийн хойморт тусаад, аливаа юм ховордсоныг эдгээp баримтаар би мэдсэн билээ. Дайн дуусcaныr анx яаж мэдсэнээ буурай “Нэг өдөр ялихгүй ажлаар сумын төв ортол эмнэлгийн эмч, сувилагч opocууд дyy хөгжим болоод, тойрч бүжиглээд сумын төвийнхөн шавчихсан байхаар нь юу болж буйг таньдаг хүнээсээ асуутал “Дайн дуусаж гэнэ ээ. Зөвлөлт Холбоот Улс ялсан гээд энэ хонгор шар толгойтой хүмүүс бах нь ханаж, баярлаж байна” гэж хариулав" хэмээн ярьж билээ.

Ширчингийн Баатар. “Миний өссөн монгол ахуй” ном. 276-677 дугаар тал.