images

“Ээжтэй орчлон”


  Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг, УГЗ хөгжмийн зохиолч Ц.Жамьянгийн ая “Ээжтэй орчлон” хэмээх дуу 1998 онд бүтжээ. Энэ дууг хамгийн анх Монгол улсын Гавьяат жүжигчин С.Батсүх дуулж олонд таниулсан юм. Тухайн үед Ц.Жамьян, С.Батсүх нар “Морин хуур” наадамд ямар дуугаар оролцохоо ярилцаж байтал Ц.Бавуудоржийн “Ээжтэй орчлон” шүлэг гараад иржээ.

Үрлэн мөндөр шуураад ирэхээр

Үрийн минь дэргэд миний л ээжий

Галуун цуваа хошуураад буцахаар

Галын минь дэргэд миний л ээжий...” хэмээх мөртүүд тэдний сэтгэлд ихэд нийцэн Ц.Жамьян төгөлдөр хуур дээр ая хийхээр шийджээ. Тэгээд Эрдэнэт хотоосоо төгөлдөр хуур хайтал амар олдсонгүй гэнэ. Хүн амьтнаас сураглаж асуусаар тэр өдрийнхөө ажил тарсаны дараа төгөлдөр хуур олж, аялгуугаа зохиосон байна. Тэгээд Улаанбаатар хот руу явах галт тэргэндээ аяыг нь замдаа янзлаад явжээ. Уралдаандаа ч амжиж очин эхний шатандаа тэнцэж, шилдэг 20 дуунд шалгарч, улмаар тусгай байр эзэлсэн байна. Мөн 1998 онд Эрдэнэт хотноо дуучин С.Батсүх, хөгжмийн зохиолч Ц.Жамьян нар хамтарсан тоглолт хийжээ. Тухайн үед Улаанбаатарт тоглолт хийхээр зөвлөлдсөн ч эмээж Эрдэнэт хотод тоглосон нь амжилттай болсон байна.