images

"Энэ хоёр охин надад дурлачихаад мөн сүйд болж байна"


Зохиолч Лхамсүрэнгийн Чойжилсүрэнгийн дурсамж

   Зохиолч Чойжилийн Чимид 1970 оны шувтаргаар тэр үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч С.Лувсан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Лаос, Вьетнамаар айлчлан Бээжингээр дамжин буцаж ирсэн юм. Хятадтай харилцаа муу байсан уаг. Ханойгоос Бээжин орох замд хоёр хятад үйлчлэгч охин Ч.Чимидэд багагүй дарамт үзүүлсэн гэдэг. Суудлынх нь харалдаа ирж “Засварлах үзэлтэн Чимид энх тайвны үйлст хор хүргэгч, ард түмнүүдийн найрамдалд ан цав гаргагч” гэхчилэн тогтмол хэдэн үгийг дуу чангаруулагч ашиглан хятад англиар хашгираад салдаггүй гэнэ. Төмпөнгийн ёроолыг нэг цэг дээр зуу тогшиход цоорно гэдэг хятад ухаанаар хөглөгдсөн тайрмал үстэй, адтай сэргэлэн хоёр охины дуу сүүлдээ улам чангаран, зорчигчдын тав тухыг алдагдуулах ч энүүхэнд болжээ. Олон зорчигчдын анхаарал суудлынхаа түшлэгийг налан зүүрмэглэсэн цулцгар хацартай сүрлэг монгол эр дээр төвлөрч, саваагүй нэг нь сэм өндөлзөн харна. ТАСС-ын сурвалжлагч тэсвэр алдав бололтой Чимид дээр ирээд “Юу болж байна аа? Энэ бүдүүлэг явдлыг зогсоох хэрэгтэй. Албан ёсоор эсэргүүцэл илэрхийлэх үү, яахав?” гэхэд Ч.Чимид хээв нэг юу ч болоогүй юм шиг “Зүгээр. Харин ч зугаатай юм биш үү? Энэ хоёр охин надад дурлачихаад мөн сүйд болж байна аа” гэж нөгөө хоёр луу харж инээмсэглэн суудлынхаа түшлэгийг аанай л тухтайхан налаад зүүрмэглэжээ. Хоёр охин ч энэ эелдэгхэн эсэргүүцлийг сурвалжлагчийн амнаас сонсоод балмагдан сандарч хөшигний цаагуур орон онгоц газардтал ахин нүүрээ харуулаагүй гэдэг.

Зураг дээр:Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен, зохиолч Л.Чойжилсүрэн, Ч.Чимид, Ч.Ойдов нар. 1960-аад он.

Монголын уран зохиолын дээжис XII боть. 373-374 дүгээр тал