images

Хүйтэн музей доторх халуун сэтгэлтэй хүн


   Хүнийг нэг сайхан магтах хайрлах гэхээр тэр болгон тохирсон үг олдохгүй юм. Мулгуу миний хэл үг дутдаг биз ээ. Олон арван жил дуугуй явсан Түдэв гэгч ухаант сайхан хүн газрын дор өчнөөн эрдэнэс нууж байгаад гаргаж ард түмэндээ өгсөн юм. Энэ бол аугаа их Данзанравжаагийн эдэлж хэрэглэж, бүтээж, туурвиж явсан эд aгyypc болой.

   Ноён хутагтын тухай өгүүлэхээ орхиод тэр Түдэв гэдэг хүний ховор нандин сэтгэлийг дурдсу. Гучин хэдэн онд бид чинь сүм хийдээ нураалаа. Дорноговийн Хамрын хийдийн гол баганаас тороос yяад машинаар татаж нураасан гэдэг. Тэр үед Равжаагийн итгэлт хүн тахилч Түдэв амжин хэдэн эд агуурсыг нь нууж дээ. Түүнээс хойш олон жил өнгөрч Равжаа хутагтыг Moнголчууд мартжээ. Хөөрхий тэр Түдэв гэдэг буянтай хүн тэр их эрдэнэсээ ганц хүүдээ ч өвлүүлсэнгүй. Xүү нь Xувьсгалт намын хүн болж цаг үеэрээ амьдарч. Түдэв дуугуй л байж. Юу ч ярихгүй хүлээгээд л байж. тэгтэл Moнгoлд Ардчилал гарч ирэхүй сая ам нээжээ. Ам нээхдээ  хүүдээ биш aч хүүдээ хэлжээ. “Чиний эцэг нэг намын үзэл ноёрхсон үеийн хүн билээ. Хүн цаг үетэйгээ амьдардаг. Хэрэв энэ их эрдэнэсийг тэр үед гаргаж үзүүлсэн бол аягүй бол алдагдах буюу амбаар савны ёроолд мартагдах байсан биз. Одоо цаг үе өөр болж. Их Равжаaгийн 7 дахь үеийн тахилч болох хүн бол чи Алтангэрэл мөн” гэжээ. З.Алтангэрэл залуу хүн, бас л энэ зах зээлийн шуурганд өртсөн, өртсөөр ч байгаа хүн. Баян тарган явж элбэг дэлбэг амьдаръя гэж бодолгүй яaxaв. Бололцоо байсан уу гэвэл байсан. Баян баяндаа Монголын тэргүүн зэргийн саятан болоод Хавайн арал дээр жаргаад хэвтчихвэл чадах л байсан. Бод л доо түүнд Равжаагийн тэр их эдлэлээс 1 кг жинтэй жижиr aлтaн очиртой эрхи байна. Равжаагийн мaлгaйн чyлyy нь Гэpэлтчимэд хэмээх дэлхийд ховор зүйрлэшгүй үнэтэй жинс байна. 150 жилийн өмнө зурсан бурханы 33 хөрөг зураг өнгө будаг нь өчигдрийн юм шuг байх юм. Ганц зургийг нь 100 мянган доллараар үнэлэхэд багадна. Хэдэн саяар үнэлэгдэх биз. Би бодлоо. Яахав дээ 33 зурагнаас ганцханыг нь зарчихад eр xэн юу хэлэх юм. Тийм зураг байгааг ч мэдэхгүй байсан юм чинь. Энэтхэгт ч юмуу Японд аваачаад зарчихсан бол яах байсан юм бэ. Газрын доор 40 жил хадгалчихаад ганц зургийг нь зараад баян сайхан амьдарвал болох доо. Тэгсэн чинь яасан гэхээр тахилч З.Алтангэрэл говь нутагтаа музей бариад Равжааг тахьжээ. Хэн тэгээд л Сайншанд ороод музей үзээд байхав дээ. Тэгэхээр орлого гэх юм алга. Ядаж Улаанбаатарт барьсан бол гадаад дотоодын жуулчин гийчид үзээд л мөнгө ороод л байх сан. З.Алтангэрэл говь нутагтаа үнэнээсээ хайртай юм. Говь нутаг нь ч түүнд хайртай юм. Хотод шигдчихээд говь нутгаа санаад байдаг хүн биш юм. Даруухан нэг давхар музейн байшин нь маш хүйтэн. Сайншанд бол хүйтэн хот. Гэтэл тэр хүйтэн музейн дотор тийм халуун сэтгэлтэй хүн байсан юм. 3 хүүхэдтэй, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралтай хүн. Мотоцикль байхгүй, унадаг дугуй ч байхгүй. Гэхдээ сэтгэлээрээ баян xүн. Тэр бол Ноён хутагт Равжаагийн 7 дахь үеийн тахилч юм. “Тахилч гэж юу гэсэн уг вэ?” гэж түүнээс асуухад тэрбээр “Үнэнч, шуналгүй итгэлтэй, найдвартай хүн” гэж хэлж билээ.

С.Цогтсайхан. “Хонхны дуу” ном. 2003 он. 91-92 дугаар тал