images

“Амин нүдэн”


  Сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар "Амин нүдэн" хэмээх шүлгийг 1990-ээд онд зохиожээ. Харин тэр шүлэгт дуучин Ч.Амаржаргал ая хийж дуулсан байна. Монгол улсын Гавьяат жүжигчин хэмээх алдрыг хүртээд 11 жил болж буй Ч.Амаржаргал нь 1987 оноос эхлэн цахилгаан хөгжмийн “Аялгуу” хамтлагтай хөдөө орон нутгаар аялан тогложээ. Улмаар 1993 оноос бие даан уран бүтээл хийж 2-3 удаа эх орноо тойрсон байна. Харин энэ дуу бүтсэн оны тухайд гэвэл тэр дөнгөж уран бүтээлээ эхэлж байжээ. Үүний хажуугаар АНУ руу эмчилгээнд явах нь ч давхцаж байж. Иймд дууны шүлгийн мастер Ү.Хүрэлбаатар уг дуучинд зориулж чанартай сайн уран бүтээл хийж өгөхөөр болж "Амин нүдэн", "Үггүй хайр" хэмээх шүлэг зохиож өгсөн юм. Тэрбээр "Улаанбаатар таймс" сонинд ярихдаа "Миний гэр бүлийн хүн залуу цагтаа том алаг нүдтэй сайхан бүсгүй байсан. Ер нь тэгээд хүн болгонд ханилсан хань нь хамгийн сайхан харагддаг биз. Мэдээж тэр сайхан хайр дурлал, амьдралын хүчээр энэ дууг гаргасан. Энэ дуу бол монгол бүсгүйн гоо сайхныг магтсан дуу" гэжээ.