images

“Айлын хөөрхөн Жинжиймаа”


   “Айлын хөөрхөн Жинжиймаа” хэмээх дууг зохиолч, МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч Н.Сүхдорж зохиожээ. Тэрбээр 2019 онд “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаараа хуваалцсан бөгөөд Гангаамаа хэмээх хүнтэй дуу бүтсэн түүхээ холбон тайлбарласан байна. Ховд аймгийн Мянгад сумын уугуул түүнийг уран бүтээлийн нөхөд нь “Сэлэнгийн” Сүхдорж гэлцдэг байна. Учир нь Сэлэнгийнхний “Малчны хороолол” гэгдэж байсан Сүхбаатар хотын “Бор гүвээ” багт тэднийх амьдардаг байжээ. Тэрбээр өсөж өндийсөн нутгаасаа эрт гарч хүний нутагт суурьшсан нэгэн юм. 1995 оны хавар нэгэн хуйсганасан шуургатай өдөр ганц тугалаа зүлгэн дээр аваачиж аргамжчихаад Сүхбаатар хотын төвийг зорьжээ. Тийн засмал зам дагуу алхаж явтал УАЗ-469 маркийн шар өнгөтэй автомашин давхиж ирээд хажууд нь зогсож гэнэ. Хэн болохыг нь лавшруулан хартал эчнээ танил “Дэрэнгийн дэлт” хочит Ц.Чимиддорж инээд алдан гарч иржээ. Тэрбээр хаврын тариалалтын ажлаар ирж байгаагаа дуулгаад, удаан уулзаагүй нөхөд “Гурилын буудал” хэмээх газар орж тухлав. Сүүлдээ ам халцгааж шүлэг уншиж, дуу дуулж эхэлтэл Ц.Чимиддорж  “За Сүхээ ах минь таныг шүлэг бичдэг гэдгийг бид л мэднэ. Харин над шиг найр наадам дээр дуулдаг хэдэн сайхан дуутай болчих. Олонтой газар дуутай хууртай явах сайхан байдаг юм”  гээд өөрийнхөө “Малчин заяа” гэх дуугаа дуулж өгчээ. Тэр нь найрагч Н.Сүхдоржид сайхан санагдаж, уг уулзалтаас хойш яруу найрагчид дуу бичих хорхой төрөх болж. Тэр намрын есдүгээр сард өөрийн найруулсан “Бор чоно” киногоо гаргахаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаар явахдаа анх удаа Дорнодын талаар явж, нүд сэтгэлээ баясган дотроо Дарьгангын жаахан Гангаамаа гэгддэг бүсгүйг цагаан хадагтай тосч байгаагаар бодлоо хөглөж явжээ. Ингээд оройхон нь Баруун-Урт орж театрт нь буугаад, уран бүтээлийн ажлаар танилцсан Гомбосүрэн найруулагчаа сураглан уулзвал кино гаргах боломж гаргаж өгсөн байна. Тэгээд түүнтэй орой нь уран бүтээлээ ярьж суугаад буудалдаа орон нутгийн театрын хөгжмийн зохиолч Батсайхан гэдэг залуугаар хүргүүлэх болжээ. Тэгтэл өнөөх залуу “Сүхээ багш аа. Танд аятайхан дууны шүлэг байна уу? Би тантай дуу хиймээр байна” хэмээн хүсэж гэнэ. Харих замдаа урам зориг нь орсон мань яруу найрагч шууд л “Тэгье. Би маргааш бичээд өгье” гэж зөвшөөрчээ. Ингээд маргааш нь эртлэн босоод, урд өдөр нь сэтгэлд дуншиж явсан “Дарьгангын жаахан Гангаамаа” гэдэг шүлгээ нэг амьсгаагаар тэрлэв. Тэгээд өглөө нь өнөөх залуудаа шүлгээ өгчихөөд, театрын даргынх нь өрөөнд байж байтал удалгүй “За ая хийчихлээ. Хоёр багш сонсоод орхи” гээд өнөөх залуу ороод иржээ. Дууг нь сонссон тэр даруй л театрын дарга нь “Байгууллагынхаа урын санд авлаа” хэмээгээд өнөөх хоёроо урамшуулсан байна.

   Найрагч Н.Сүхдорж мөн тэндээсээ Увсыг зорьж арав гаруй хоножээ. Увсын театрын дарга, хөгжмийн зохиолч Санжаасүрэн болон уран бүтээлчидтэй нь нэг өдөр уулзахад түүнээс “Цагаан дэглий” уулын тухай шүлэг бичиж өгөхийг гуйжээ. Ингээд ахин нэг дууны захиалгад дуншиж, маргааш өглөө нь бичсэн шүлгийн эхний мөртүүдээ үзүүлсэн аж. Улмаар тэндээсээ Ховдын Мянгад орж эцгийн гэртээ хэдэн хоног амраад буцахдаа нутгийн хөгжмийн зохиолч Н.Цолмонд “Дэглий цагаан уул”  шүлгээ өгсөн байна. Түүнийг нь дуучин Энхзул аваад анхлан олонд хүргэсэн билээ. Харин “Айлын  хөөрхөн Жинжиймаа” шүлгэнд хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар ая хийж, Ц.Баттөр дуулсан юм.