images

Бэйонсэ


Алдарт дуучин Бэйонсэгийн нэрийн тухай түүний ээж Тина Ноулз-Лоусон 2020 онд “In My Head With Heather Thompson” ярилцлагын подкастад оролцохдоо юу гэж ярьсныг хүргэж байна.

   Дуучин Бэйонсэгийн ээжийг Тина Ноулз-Лоусон гэдэг бөгөөд тэрбээр одоогоос гурван жилийн өмнө ууган охиныхоо нэрийн талаар ярилцлагын подкастад ярьсан юм. Тэгэхдээ тэрбээр “Олон хүн миний овог Бэйонсэ гэдгийг мэддэггүй. Энэ бол миний гэрлэхээс өмнөх овог” хэмээн ярьжээ. Түүний нэрийг анх Селестин Бэйонсэ гэдэг байсан бөгөөд франц гаралтай уг нэр нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл их байсан тэр цагт нэмэр болохоосоо илүү нэрмээс болох нь их байж. Иймд Селестин бүсгүй нэрээ хожим Тина болгон өөрчилжээ. Тэрбээр 1954 онд Техасын Галвестон хотод төрсөн байна. Ах дүү наймуулаа өссөн тэрбээр нэг ахынхаа хамт Бэйонсэ овогтой, бусад зургаа нь Бэйинсэ овогтой байжээ. Яагаад өөрийнх нь овог бусдаасаа ялгаатай байгааг ээжээсээ асуухад “Төрсний гэрчилгээн дээр чинь ингээд биччихсэн юм” гэжээ. Хариуд нь “Та засуулахгүй яагаа вэ?” гэхэд “Би засуулахаар очиж үзсэн” гэсэн бөгөөд нэгэн цагт хар арьстнуудад төрсний гэрчилгээ өгдөггүй байсан учраас бүртгэлийн ажилтнаас “Гэрчилгээ авсандаа баярла” гэдэг үг дуулсан байна. Ингээд гэрийнхнээсээ арай ондоо овогтой ч том охиндоо тэр нэрээ өгсөн аж. Учир нь, тэдний гэр бүлийнхэн ихэнх нь эмэгтэй учир Бэйинсэ овог нь үр хүүхдүүдэд нь үлдэхгүй байх магадлалтай. Иймээс том охиндоо ургийн овгоо өвлүүлэх санаа төрсөн байна. Ингээд хожмын алдарт дуучин Бэйонсэ Жизеллэ нэртэй болжээ. Дуучинтай ижил нэртэй хүн АНУ-д маш цөөхөн байсан бөгөөд түүнийг нэр алдарт хүрэх үест багагүй нэмэгджээ. Тус улсын Нийгмийн хамгааллын байгууллага нэг нэр аль нэг хүйст таван удаа давтагдахад тэр нэрийг олон давтагддаг түгээмэл нэрийн жагсаалтад бүртгэдэг байна. Харин тус байгууллага 1999 онд анх удаа Бэйонсэ нэрийг түгээмэл нэрийн жагсаалтад оруулжээ. Учир нь, тэр жил шинэ төрсөн 18 охинд аав, ээжүүд нь Бэйонсэ нэр өгсөн байна. Харин 2001 онд 353 болж огцом нэмэгдэв. Учир нь, тэр жил Бэйонсэгийн “Destiny's Child” хамтлаг гуравдахь цомгоо гаргасан юм. Мөн 2003 онд Бэйонсэ анхны бие даасан “Dangerously in Love” цомгоо гаргахад 206 охин түүний нэрийг авчээ. Улмаар 2006 онд “Dreamgirls” кино гарахад 185 охин түүнтэй ижил нэртэй болов. АНУ-ын 2018 оны статистик баримтаар тус улсад Бэйонсэ нэртэй 2000 орчим эмэгтэй байсан бөгөөд тэдний ихэнх нь 10-15 настай байжээ. Тодруулбал, тэдний талаас олон хувь нь 2000-2004 онд төрсөн гэнэ.