images

Цөвүүн цагт нүүрээ хувиргах хэрэгтэй


     Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Буриад гэлэн гэж нэгэн хүн байсан бөгөөд хэлмэгдэл энэ тэрд баригдалгүй мэнд үлдсэн ажээ. Түүнийг залуу цагтаа их Хүрээнд сууж байх үед багш нь "Одоо удахгүй цөвүүн цаг болно шүү. Чи тэр цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаад, Дарь эх уншиж яваарай" гэж хэлсэн гэдэг. Тиймээс Буриад гэлэн гуай Хүрээ хийд хаагдсанаас хойно нутагтаа ирээд хүн амьтантай ярьж хөөрөхгүй, гагцхүү Дарь эхийн магтаал тарнийг уншаад суудаг байсан гэнэ. Түүний шавь Г.Цэндсүрэн гуай багшийнхаа тухай ярихдаа "Манай багш их сүрхий хүн байсан юм. Заримдаа намайг орохоор "Царай чинь нэг л биш. Бузартсан байна. Алив нэг үлээгээд орхиё" гээд энгэр рүү тарнидан үлээдэгсэн. Тэгж үлээж тарнидахад сэтгэлийн хамаг муу юм арилан одох шиг болдог. Тийм мундаг лам байсан юм аа" гэж дурсаж байв. Энэхүү Буриад гэлэн гуай "Цагийн хүрдний ном" буюу "Дүйнхор"-ын ном их үзсэн хүн байсан бололтой. Өргөмөл охиныхоо хүүхдүүдэд Шамбалын орны ирээдүйн хаан болох Дагва хэмээх хааны нэрийг оролцуулж нэр өгсөн байх бөгөөд тэдгээр хүүхдүүдийнх нь заримынх нь нэрийг дурдвал Тонирримбардагва, Ойдовдагва, Халтардагва, Орсоодагва, Осгондагва гэх мэт болно. Буриад гэлэн гэж нэрлэдгийн учир бол тэрбээр бага залуудаа Оросын Буриадын дацанд нэлээд хэдэн жил ном үзэж суусан юм гэдэг. Тиймээс Буриад гэснээс биш өөрөө бол халх хүн юм. Гэлэн сахилтай хүн байжээ. Жаргалтхаан сумын Пунцагтэгчэнлин хийдийн их унзад С.Шагдарсүрэн гуайн ярьснаар бол тэрбээр саад дайрагдаад нүүр ам нь мурийсан хүнийг зүгээр болгодог байсан гэнэ. Гурилаар ямааны дүрс хийгээд улаан утсаар оосорлоод нөгөө үзүүрийг нь саад дайрагдсан хүний гарт нь уяад "Саа юүлэх ном" гэдгийг уншдаг. Тэгэхэд саа туссан хүн нь зүгээр болоод гурилан ямааны хүзүү нь гилжийж мурийсан байдаг байжээ.