images

75000


    Өнгөрөгч 11-12-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн том тарвасыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахад 19 кг жинтэй тарвас ийм үнэ хүрсэн байна. Наймдугаар сард Дорноговь аймгийн төвд, орон нутагт тариалсан тарвасны үнэ 4000 орчим төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2500 төгрөг байна. Гэвч уг тарвас нь онцгой том тул кг нь ойролцоогоор 3900 төгрөгийн үнэ хүрсэн нь энэ хэмээн Сайншанд хот дахь манай эх сурвалж мэдээллээ. Сүүлийн хоёр жилд Дорноговь аймагт хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгаа бөгөөд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд аймгийн бүх суманд нийтдээ 350 солонгос загварын хүлэмжийг гэрээгээр олгожээ. Мөн хүлэмжнээс гадна тармуур, комбайн, трактор, усны нөөцийн сав зэргийг сумдын хүнсний ногоо эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд олгосон бөгөөд тариалалтаа тогтвортой эрхэлж чадвал таван жилийн дараа тэдгээрийг үнэгүйгээр бүрмөсөн шилжүүлэх аж. Хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуй эрхлэн төрөл бүрийн ногоо тарихыг дэмжих зорилгоор аймгийн төв Сайншанд хотын эргэн тойронд тариаланчдад сүүлийн үед их хэмжээний газар олгосон байна. Социалист нийгмийн үед Дорноговь аймагт газар тариалан эрхлэлт маш бага хэмжээтэй байжээ. Энэ нь Мандах сумын Цагаан цав, Эрдэнэ сумын Арван наймын худаг зэрэг цөөхөн газраар хязгаарлагдаж байв. Тухайлбал, Цагаан цавд усалгаатай аж ахуй байгуулан тарвасыг их хэмжээгээр тариалж байсан төдийгүй ургац хураалтын ид үед Улаанбаатар хотод нисдэг тэргээр өдөр бүр тээвэрлэн авчирч борлуулдаг байсан түүхтэй билээ.

   Дорноговь аймаг нь өнөөдрийн байдлаар хүнсний ногооныхоо арав гаруйхан хувийг дотоодоосоо хангадаг. Тиймээс бусад аймгийн газар тариалангийн бүтээгдэхүүн, тухайлбал Ховдын тарвасыг тус аймагт их хэмжээгээр нийлүүлдэг бөгөөд өнөөдөр баруун хязгаарын тарвас Сайншандын зах зээлд 2000-аас доош төгрөгийн үнэтэй байна.         

   Гэрэл зургийг Б.Энхтайван