images

Ээжтэй хүний энгэр цоорхой явдаггүй


Говь-Алтай аймгийг Дарви сумын анхны гавьяат багш С.Бадарчийн дурсгалд зориулан түүний шавь гавьяат тээвэрчин С.Баягаа ийн хуучилжээ.

     Одоо бодож байхад Бадарч багш бол хүүхдэд хандахдаа хүний ээж шиг хүн байж дээ. 1951 оны намар миний бие аймаг орж 5 дугаар ангид суралцахаар сумынхаа төвд буухад шуудангийн 51 машин Эрдэнэ сумаас баахан хүн ачаад ирэв. Хүлээж байсан манай сумынхан ч суугаад машин дүүрэн хүн болов. Анх удаа машин гэдэг унаанд сууж байгаа болохоор бараг хөдлөнгүүт л амтай болгон шахуу бөөлжиж явсаар Улаан шалын хоолойд ортол жолооч маань зээр хөөж хоёрын зэргийг алаад, цагаан гэгээ тасраагүй байхад Төмөр хавын үзүүрийг өнгөрөөд нэг том гозгор улаан хадын ёроолд хээр хонож, улмаар хорхог боодог хийх юм боллоо. Амь наана, там цаана явсан бид ч яахав хэвтэх түүс болж, дээлээ нөмрөөд хэвтлээ. Нэг мэдсэн чинь нэг талаасаа даараад нөгөө талаасаа халуун дүүгээд сайхан унтаж байтал, надтай зэрэгцээд унтаж байсан Эрдэнэ сумын Дашдаваа гэдэг хүүхэд гэнэт орилж босч ирээд сэрээчихлээ. Харсан чинь бид хоёрын дунд аргалын цог үсэрч унаад, Дашдаваагийн дээлийн хормойг бүтнээр нь миний дээлийн урд энгэрийг цоо түлсэн байв. Ингэж явж аймаг ороод маргааш нь сургууль дээр очтол Бадарч багштай таарлаа. Намайг М.Цэдэндорж багшийн ангид оруулж өгөв. Хоёр долоо хоног хичээллээд нэг сайн өдрийн өглөө эрт Бадарч багш Санран багштай байранд орж ирээд хүүхдүүдийг усанд оруулж цагаан хэрэгсэл сольж өгөхөөр жагсааж аваад складны үүдэн дээр очиж хүүхдүүдэд цагаан өмд, цамц том багаар нь тааруулж өгч байснаа миний дээлийн энгэрийн цоорхойг үзчихэв. Бадарч багшЗа хө ганс тамхи чинь хаана байна гэв. Би ч дээлээ түлсэн дээрх шалтгаанаа үнэнээр нь тоочлоо. Тэгтэл Ба багш “За хө ээжтэй хүний энгэр цоорхой явдаггүй" юм даа гээд миний дээлийг шууд авч яваад нөхүүлээд авчирч өгч байлаа. Эна тухай тэр үедээ юм бодож байсангүй баярлаж л байсан байх. Харин өнгөрсөн хойно нь одоо бодоход Ба багш чухамдаа сүү шингэсэн эх хүний, халуун дулаан, уян зөөлөн сэтгэлтэй хүний нэг байж дээ гэж бодогддог юм даа.

Эх сурвалж: "Алтайдаа л анхны тооны багш" номоос