images

Бузанков


   Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Улсын аварга малчин Ч.Бузанков 1953 онд Хужирт булаг хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. Энэ нэрийг сонссон хүн бүр түүнийг “Монгол, орос, хасаг хүн үү?” хэмээн асуудаг гэнэ. Тэрбээр 2017 онд "Тод магнай" сэтгүүлд нэрийнхээ талаар хуучилсныг үзвэл түүний аав Чантуу 1939 онд Монгол улсын нисэхийн генерал Мудирасын Зайсановын жолоочоор ажиллаж, хэлмэгдүүлэлтийн хатуу чанга үед таван жил, таван сар цэргийн алба хаасан байна. Мөн нэгдлийн агент, багийн ухуулагч, жолооч зэрэг ажил хийхийн хажуугаар олон жил тэмээ хариулжээ. Цэргээс халагдаж ирсэн Чантуу эхнэртэйгээ танилцаж, гэр бүл зохиов. Гэтэл тэр айлд үр хүүхэд тогтдоггүй байж, мэндэлсэн хүүхдэдээ янз бүрийн үндэстний нэр өгч байсан ч нэмэр болсонгүй. Улмаар нэг албанд зүтгэж байсан нисгэгч нөхрөө бодож, ууган хүүдээ түүнийхтэй төстэй нэр сонгон Бузанков гэж нэрлэсэн байна. Ингэснээр тэр айлд хүүхэд тогтохоор барахгүй ууган хүү нь араасаа гурван дүү дагуулсан ажээ. Тэдгээр дөрвөн хүүгийн хоёр нь хожим уяач болсон байна. Харин Монголын анхны нисгэгчдийн нэг, хошууч генерал М.Зайсановын тухайд 1939, 1945 оны дайнуудад оролцон онцгой гавьяа байгуулсан нэгэн юм. Түүнийг нисэж явахдаа агаарт нэрээ бичдэг, онгоцоор Засгийн газрын ордны дээр бууж байсан гэдэг хууч яриа бий. М.Зайсанов 1908 онд одоогийн Казахстан улсын Зайсан дүүргийн нутагт төржээ. Анхны нэр нь Хамза, овог нь Зайсан байжээ. Октябрийн хувьсгал ялж, хөл үймээнтэй байсан жилүүдэд айлын нутагт гээгдсэн өнчин нялх хүүг Монголд авч иржээ. Улмаар хасаг хошууны нөлөө бүхий хүн А.Райсхан үрчилж авч, эрдэм номтой эрийн цэнд хүргэсэн байна. Түүний мэндэлсний 115 жилийн ой энэ жил тохиож буй. Сонирхолтой нь, манай улсын хүн ам, өрхийн мэдээллийн санд одоогоор Бузанков нэртэй нэг, Зайсанов нэртэй хоёр хүн бүртгэлтэй байна.