images

Гангаамаа


   “Seven Summit” буюу дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, Идэрийн голын хөвөөнд өсжээ. Тэр айлын 11 хүүхдийн долоо дахь нь, дөрвөн ах, хоёр эгчтэй, нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй гэнэ. Төрөх эмнэлгийн ажилтнууд түүнд анх нэр өгөх болоход будаанд нэр хийж шигшээд Гангаамаа нэрийг сугалж авсан гэдэг. Саяхныг хүртэл тэрбээр өөрийнхөө нэрийг “Ганга” буюу Энэтхэгийн мөрөн, “маа” буюу эх гэсэн утгын нийлмэл хэмээн тайлдаг байжээ. Монголоор энэ нэр нь “Ганга эх” хэмээх утгыг илэрхийлдэг байна. Гэтэл хожим түүнд хэл судлаач нэгэн “Чиний нэрийг санскрит хэлнээс орчуулсан чинь нэрийн үндэс Гангаа гэдэг үг нь цаст уулын оргил гэсэн үг юм байна шүү дээ” гэж хэлж өгчээ. Эверестийн оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин тэрбээр үүнийг сонсоод “Жамаараа л явж байгаа юм байна!” гэж уулга алдсан гэнэ. Б.Гангаамаа 1989 онд Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд болсон Монголын уулчдын цугларалт, авиралтад оролцож оргилд гарснаар уулын спортод  хөл тавьсан билээ. 

  Зургийн эх сурвалж: gangaamaa-expedition.com