images

“Буурал аав”


Д.Мяасүрэнгийн хөгжим, Т.Юмсүрэнгийн шүлэг “Буурал аав” дууны түүхийг хүргэж байна.

    1960-аад оны сүүлээр зохиогдсон энэ дууг өнөөг хүртэл 15 дуучин дуулжээ. Хамгийн анх 1969 онд театрын дуучин Лувсандамдин дуулж, Монголын радиогийн алтан сан хөмрөгт бичүүлж байв. Хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэн ЗХУ-д суралцаж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад найрал дууны багшаар ажиллаж байхад нь тухайн үеийн Ардын армийн дуу бүжгийн чуулга "Жаран хар" нэртэй хамтлаг байгуулах болжээ. Ингээд Мяасүрэн уг ажлын комисст багтан цэргийн ангиудаар явж сайхан дуулдаг хүмүүсийг цуглуулах даалгавар авч гэнэ. Олон хоног явж цэргүүд дундаас сонгож авчирсан хэддээ нот, дуу хөгжмийн суурь хичээл зааж сургасаар эрэгтэй найрал дуучдын домогт хамтлагийг төрүүлжээ. Ховд аймгийн Дарви сумын харьяат Д.Мяасүрэн нь ард түмний сэтгэлд хоногшсон "Нууцхан сэтгэл", "Итгэлийн дуу", "Халх голын өглөө", "Мал маллах сайхан" дууны хөгжмийг бүтээсэн юм. Хөгжим судлаачид түүний “Буурал аав” дууг нутгаа санагалзсан сэтгэлээр бодрол хөгжмийн өнгөөр бүтээсэн гэдэг ажээ.  

    Харин зохиолч Т.Юмсүрэнгийн талаас түүх өгүүлбэл тэрбээр 1960 оны намар оюутны амралтаараа төрсөн нутаг Говь-Алтайдаа очвол аавынх нь бие муудаж, бараг хэвтэрт ороод байж гэнэ. Нэг өглөө аав нь гадаа гаран Алтайн их уулсаа ширтэж сууснаа “Газар нутаг маань мөнх, эзэн бид нар л хэврэг юм шив дээ” гэж гунигтайхан хэлсэн аж. Айлын бага хүү Т.Юмсүрэн анх удаа тэрхэн мөчид аавынхаа нүдний гал бөхсөн байхыг үзжээ. Ингээд ахтайгаа хамт аавыгаа аймгийн эмнэлэгт хүргээд, хот руу сургуульдаа мордсон байна. Оюутны хичээл эхэлсэн өдрүүдэд ерөөсөө л “Газар нутаг маань мөнх, эзэн бид чинь хэврэг юм” хэмээн аавынх нь хэлсэн үг бодогдоод байж. Ингээд намрын нэг орой хөдөө гэрээс нь “Аав өнгөрсөн” гэсэн  мэдээ иржээ. Тэрбээр энэ цахилгааныг хүлээж авангуутаа "Манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон" хэмээн хожим дурсжээ. Түүнээс хойш ахин нэг намар өөрийн эцэг, Алтай уулаа санахдаа

“Нарлаг өндөр Алтайн ууланд

Намрын хяруу унаа даа

Настай буурал аав минь

Намайгаа харуулдан суугаа даа

Сүрлэг өндөр Алтайн ууланд

Шүүдэр хяруу унаа даа

Сүргийн дэргэдээс аав минь

Сүүмийх алсыг ширтээ дээ

Будант өндөр Алтайн ууланд

Буурал хяруу ороо доо

Буцаад хүү минь ирнэ гээд

Буурал аав минь хүлээгээд ээ” гэх шүлгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичсэн гэдэг. Ийм шүлэг тэрлэчихээд хэнд ч үзүүлэхээ мэдэхгүй явтал найз охин нь “Мяасүрэн багш манай сургууль дээр концерт бэлтгүүлж байгаа. Дууны үг байвал ая хийнэ гэж байна. Чамд шүлэг байвал өгөөч” хэмээн хэлснээр энэ дуу төрөх үүд хаалга нээгдсэн гэдэг.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг