images

Нэгэн цун зайд мянган заан багтаасан хүн


     Их Хүрээний Чойнхорлингийн аймгийн зураач Дорж гэж өнгөрсөн зууны эхэн үеийн шилдэг зураач нарын нэгэн байжээ. Тэрхүү Дорж гуайн хоёр гар нь мэдээгүй шахам болсон байсан тул зураг зурахдаа зургаа таазнаас дүүжлэх буюу эсвэл өвөр дээрээ тавьж байгаад хоёр гартаа барихчаан аядаад зурдаг байжээ. Дорж гуайг гар нь мэдээгүй болсноос хойно Богд хаан түүнд нэгэн цун тойрог дотор мянган заан багтааж зурахыг даалгасан учир Дорж гуай гурван сантиметрийн диаметртэй тойрогт буюу өөрөөр хэлбэл нэгэн цун хэмжээтэй тойрогт хоёр бүтэн зааныг урд урдаас нь харуулж зураад тэгээд хоёр зааныхаа нуруун дээгүүр тус бүрд дөрвөн зуун ерэн есөн давхар зураас татахаар нийт мянган зааны нурууг дүрсэлсэн болж чадсанаар нэгэн цун хэмжээнд мянган заан багтааж чадсан хэрэг болжээ. Мөн Богд хаан таван цун хэмжээний Цогшин зурж өг гэсний тул 1,5 см хэмжээний дөрвөлжинд тэр олон бурхадын дүрийг төлөөлж, байх ёстой өнгөөр нь цэг тавьж өргөсөнд Богд хаанд маш их таалагдаж, Богд хаан Дорж гуайд насан туршид нь идэж, эдэлж хүрэхүйц хөрөнгийг өгсөн хэмээдэг.

“Монголын Бурханы шашны аман түүх 2” номоос.