images

Дэнзэн Норгайг монголчуудад танилцуулсан минь


   Мянга есөн зуун тавин хэдэн онд манай оронд уулын спорт хөгжиж эхлээд байх үеэр Хималайн нурууны ноён оргилд анх удаа гарсан Дэнзэн Норгайн тухай өгүүлсэн “Тигр снегов” гэдэг ном худалдаанд гарч орос уншигчдын сонирхлыг ихээхэн татсан бөгөөд боксын спортоо орхиж уулын спортод амь амьдралаа зориулж эхэлсэн Раднаабазарын Зориг ч энд тэнд уулзалт хийхдээ энэ номыг сурталчлан ярьдаг байв. Номд Дэнзэн өөрийгөө монгол гаралтай ширваа төвд хүн гэж бичсэн болохоор монголчууд бид түүгээр бахархах ёстой, охид хүүхдийнх нь нэр хүртэл Нямаа гэх мэт байгаа нь монгол хүн гэдгийг бүр ч баталж байна гэх мэтчилэн Зориг маань ярьдаг болсон билээ. Би тэр үед тэрхүү номыг уншаад бас л бахдан сайшааж, орчуулахсан гэдэг хүсэлд автсан нь мэдээж. Яг орчуулах үеэр нэр ус зэрэг монгол болгоход бэрхшээлтэй зүйл нэлээд тааралдахад Ринчен гуай, Гандан хийдийн Данзан-Осор гуай нартай уулзаж зарим үгийг тайлбарлуулав. Орчуулга минь олны хүртээл болж энд тэнд уншигчдын уулзалт зэргийг зохиож, ер нь их сонирхол татсан юм. Номын нэрийг “Цасны барс” гэж үгчлэлгүй “Цаст уулын барс” гэж үг нэмэн оруулсан бөгөөд хоёр дахь удаагаа хэвлэгдэхэд ч тэр нэрээрээ гараад байна. Хожим манай уулчид Энэтхэг, Төвд, Балба орноор дураараа зорчих, Хималайд авирах зам чөлөөтэй нээгдсэн үе ирсэн болохоор миний орчуулсан “Цаст уулын барс”-ыг Дэнзэн Норгайн гэр музейд аваачиж заллаа гэж Р.Зориг надад хэлж билээ.

Харгана Гүрбазарын Амар. “Миний тавилан” номоос.