images

“Говь сайхан нутаг”


   Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун, үгийг яруу найрагч С.Батмөнх бичжээ. 1995 оны үед Дундговь аймгийн сүлд дууны уралдаан нээлттэй зарлахад нь уг хоёр уран бүтээлч ая шүлгээ нийлүүлэн оролцож түрүүлж байв. Тэгэхэд хамгийн анх гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших дуулж олонд хүртээсэн бол дараа нь эгч дүү Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг нар эгшиглүүлжээ. Улмаар Дундговь нутгийн СТА дуучин Э.Төрмандах, “Дуурьсал” хамтлагийнхан тэргүүтэй уран бүтээлчид өөр өөрийнхөөрөө дуулж олон нийтэд хүргэсэн байна. Хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун 2020 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаагаад төрийн ордноос гарч ирэхэд нь нутгийн урлагийн зөвлөлийнхөн нь “Говь сайхан нутаг”, “Хүний сайхан сэтгэл” дууг минь дуулаад тосож авч байжээ. Энэ талаараа тэрбээр хэвлэлд ярихдаа “Сэтгэл халгиад, аньсага дүүрээд үгээр хэлэхийн аргагүй сайхан болдог юм байна. Энэ хэдэн дуу минь л намайг нарт ертөнцөд хөглөж, эгшиглүүлж, зон олонтой минь жаргаж нэг цалгиж нэг уулзуулж байгаа юм шүү дээ” гэжээ. Иймд энэ дуу Дундговь аймгийнхны аялан дуулдаг сүлд дуу болсон түүхтэй.