images

Галзуу чоныг улаан гараараа


     1990-ээд он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдэлд мал маллах, туувар туух зэрэг ажил эрхэлж ирсэн Дандарын Баттулга хэмээх ханхар эр мал маллахаас гадна урлаг соёлын замаар олон жил явжээ. Ховд аймгийн театрын тайзан дээр олон жил дуулж, аймгийн театрт дуучнаар ажиллах санал хүртэл ирсэн ч түүнийг үл тоон хар тарлан сарлагаа малласаар яваад ардчиллын жилүүдтэй золгосон эр. Түүний хуучилсан нь:

     1991 оны өвөл, Алаг багийн нутаг, Их Өвөлжин хэмээх газарт галзуу чоно айлын хашаатай мал руу дайрсан, бүр хүн рүү хүртэл халдсан гэсэн яриа айл айл дамжин сонсогдох боллоо. Их Өвөлжингийн аманд өндөр настай эгч маань хэдэн жаахан хүүхдийн хамт суудаг байв. Яагаад ч юм эгчийндээ очмоор санагдаад оройхон мордож давхиад эгчийнд ирлээ. Энэ тэрийг ярилцан хоол унд болсоор шөнө нэлээд оройхон унтахаар болж байтал гэнэт гэр дээр түсхийтэл нэг юм гараад ирлээ. Гэрийн бургасан унь хотолзоод, нэлээд жинтэй амьтан болох нь мэдэгдэнэ. Хүүхдүүд айж уйлалдаад гэрээр нэг юм боллоо. Би ч шууд босон гэрийн баруун хаяанд байсан нэг сүх шүүрч аваад гарлаа. Намайг гарахын өмнөхөн тэр амьтан гэр дээрээс буух шиг болсон. Гарангуут харанхуйн дунд өөдөөс нэг цайвар юм дүүлээд ирэв. Нөгөө дуулиант галзуу чоно мөн болох нь гарцаагүй боллоо. Сүхээ далайн буулгатал ишнээсээ мултраад нисэж одлоо. Ингээд сандрахдаа өөрийн мэдэлгүй гараа сунган хүн заамдах маягаар атгаж аваад мушгиж тонгорон дороо хийж авлаа. Төдийд арай жаахан тайвширч нэг гараараа чихэн дээрээс нь нөгөө гараараа ар шилэн дээрээс нь атган доош дарлаа. Атгасан газрынх нь арьс сунаад нэг мэдэхэд л гар ам руу нь орчих гээд байх юм. Хутга аваад ир гэж гэр лүү ориллоо. Гэрт настай эмгэн, хэдэн жаахан хүүхдээс гадна өөр нэг эр байсан нь нэг талын хөл гар нь өрөөл татанхай ядруухан эр байж таарсан юм. Нөгөөх чинь бас эр хүн гэсэндээ нэг хутга авчирч өглөө. Энэ хооронд чоно бид хоёр байдгаараа тэмцэлдсээр байгаа хэрэг. Ард хоёр хөлөөрөө айхтар хүчтэй тийрэх юм. Авчирч өгсөн хутга нь бараг ир мөр нь ялгарахаа байсан нэг муу жижигхэн сумч хутга байлаа. Ямартай ч нөгөө муу хутгаараа хоолой руу нь нэг бүлээд цааш хүзүүг нь хэрчиж салгах санаатай байдаг хүчээрээ хэрчиж гарлаа. Бүлээн цус ойлгойдох нь гарт мэдрэгдэнэ. Ингэсээр ямар ч гэсэн хоолойг нь тас огтолж толгойг нь бараг салгалаа. Нөгөөх ч хүч нь суларсаар хөдлөхөө болив. Ингээд өнгөрсөн хойно бөөн хэрэг мандаж маргааш нь сумаас малын эмч, хүний эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирээд нөгөө галзууг устгалд оруулахаар болж намайг авч явж шинжилгээ хийх, эм тариа хийх юм болоод, би тэднийг даган одож билээ. Дараа нь бодоход тэр орой би эгчийндээ ирээгүй бол өндөр настай нэг эмгэн, хэдэн жаахан хүүхэд юу болох байсныг төлөөлөх аргагүй юм. Би ч нутаг орондоо “мангар” гэх хочтой, хэр баргийн юмнаас бишүүрхээд байдаггүй, бас ч гэж овоо гартаа бүлтэй тулдаа тэр галзуу чоныг цааш харуулсан юм. Өөр ядмагхан нэгэнтэй таарсан бол яах байсныг ёстой бүү мэд.