images

Бохоодой Зундуй


     Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Бохоодой Зундуй гэдэг өвгөн байгаад 1950 оны орчим нас барсан юм. Тэр өвгөн ярихдаа “Манай Авзагын хувилгаан лам Жамсрандорж ч мэргэн, Бэйсийн хачин (төвд лам) ч мэргэн, хоёул их мэргэн чадалтай лам нар байсан даа” гэдэг. “Тэдний мэргэн чадалтайг та яаж мэдсэн юм бэ?“ гэхэд Зундуй гуай ингэж ярьдаг байлаа:

- Миний мэддэг юм юу вэ гэхэд ганц даалуу юм. Би даалуугаар овоо тоглодог. Тэгээд даалуу мөрийтэй тоглож бага сага юм олдог байлаа. Нэг өдөр Авзагын хувилгаан надтай дайралдаад “Хоёул даалуу тавих уу” гэдэг байна. Би “Тэгье” гэлээ. Хоёул даалуу гаргаад тоглох юм боллоо. “Мөрийтэй тоглоё” гэдэг байна. Би “За” гэлээ. Тэгэхлээр “За чи мөрийд юу тавих вэ?“ гэж байна. “Надад мөрийд тавих юм байхгүй” гэлээ. Би даалуугаар тэр ламыг лав хожих болохоор мөрийн юм ч бараг хэрэггүй шиг бодогдож байлаа. Тэгтэл лам хэлж байна: “Яагаад чамд мөрийд тавих юм байхгүй байх вэ! Эхнэрийнхээ толгойн хэрэглэлийг тавь” гэлээ. Манай эхнэрт толгойн мөнгөн хэрэглэл байдгийг лам мэдэх юм. Би “Тэгье” гээд хоёул мөрийтэй тоглолоо. Би даалуу сайн тавьдаг болохоор ламыг хожоод байлаа. Ламаас хоёр ембүү түрүүтэй нэлээд юмыг нь авчихлаа. Лам намайг “Азгүй новш. За больё” гэлээ. Би өдий төдий хожоод байхад намайг яагаад “Азгүй новш” гэдэг юм гэж би жаахан гайхлаа. Тэгээд хожсон юмаа аваад гэртээ ирлээ.

   Гэртээ ирсэн чинь эхнэр маань үхлүүт өвчтэй хэвтэж байна. Ер нь үхэх нь ээ. Би эргээд хувилгаан ламд очлоо. Лам нэлээд согтуу байна. “Эхнэр маань өвчтэй үхэх гэж байна. Лам минь аварч өршөө” гэж гуйлаа. Лам хэлж байна. “Эхнэр чинь үхнэ ээ үхнэ. Чи толгойнх нь хэрэгслийг харамлаад байх чинь билээ” гэлээ. Би тэгэхлээр жаахан гомдлоо: “Манай эхнэрт толгойн хэрэглэл нь гай болоод байсан юм бол надад хэлээд авч болох л байсан. Манай эхнэрийн өвдөхийг мэдсэн юм бол над учрыг хэлж арга засал хийж өгч болох л байсан” гэж бодсоор би гэртээ харилаа. Эхнэр хариугүй өвчтэй болохлоор “Яах билээ?“ гэж учир явдлаа тоочиж хүмүүсээс асуулаа. Ламтай мөрийтэй тоглосноо ч хэллээ. Би дахиад хувилгаан ламд очих гэхээс нэг л дургүй хүрээд байна. Нэг нөхөр над хэллээ: “Чи Бэйсийн хачинд оч. Тэр мэргэн хүн шүү” гэлээ. Өгий нуураас баруун тийш Бэйсийн хошуу гэж байсан. Тэр хошууны хачин гэж нэг төвд лам байсан юм.

   Би тэгээд хүнээс морь гуйж унаад Бэйсийн хачинд өдөр турш явж очлоо. Нэлээд хол газар юм. Очсон чинь ламын үүдэнд олон хүн хүлээж байна. Одоогоор бол оочирлоод сууцгааж байна. Би хүлээж байгаад Хачин ламд орж учир явдлаа хэлээд өөрийн хувилгаан ламаас хожсон нэг ембүүгээ барьж аврал асуув. Хачин шоогоо нэг орхиж үзээд “Ямар ч арга байхгүй. Үхнэ шүү. Үхэх нас болсон шүү. Хорь хоногоос илүү нас байхгүй шүү” гэж байна. Би “Аргалж аль” гэж гуйсан боловч ердөө аргалж өгсөнгүй. Би сангийнх нь гэрт орж цай уугаад буцах боллоо. Ембүүгээ нэгтээ өгчихсөн юм болохлоор яана гэх вэ, буцааж авалтай биш. Аврал ч үгүй, ембүү ч үгүй, урамгүй буцаад шогшиж явлаа. Нутагтаа ирээд гэртээ ойртож явтал нэг хүрэн морьтой согтуу лам давхиж яваа харагдлаа. Тэр ламыг харахад манай хувилгаан лам мөн шиг харагдлаа. Тэгээд тэр согтуу дов даваад далдарлаа. Хойноос нь хөөгөөд дов дээр гараад ирсэн чинь тэр лам мориноос буугаад бие засаад сууж байна. Би хүрээд очлоо. Манай хувилгаан лам мөн байна, их согтуу байна. “Чи хаачаад ирэв?” гээд надаас асууж байна. Би үнэнээ хэллээ дээ. “Эхнэртээ аврал эрж Бэйсийн Хачинд очлоо” гэв. “Юу гэж байна тэгээд?” гэж ширүүн асуулаа. “Эхнэр чинь үхнэ. Арга байхгүй гэж айлдаж байна” гэв. Тэгсэн чинь лам хэлэв: “Би тэгвэл үхэхгүй гэж хэлж байна. Үхэхгүй хөө” гэлээ. Би ламд өргөх барих юм ч байсангүй, “Лам минь аварч хайрла” гэж дэмий л гуйлаа.

   Гэртээ ирсэн чинь эхнэр маань аргагүй муу байна даа. Би арчилж сувилж л байлаа. Эхнэр муудан муудсаар хорь хонолоо. “Өнөө шөнө л үхэх юм байх даа” гэж байсан, шөнө мэнд хоночихлоо. Маргаашаас нь эхлээд бие нь дээрдэж эхэллээ. Арав хоноход эхнэр маань бүр зүгээр болчихлоо.

Тэгсэн чинь, надад хүн хэлээд байх юм: “Бэйсийн Хачинд очиж ембүүгээ нэх. Эхнэрээ эдгэрснийг хэл. Юу гэхийг нь дуул” гэх юм. Би тэгэхлээр “Нээрээ тэгье байз” гэж бодоод бас л нэг морь хүнээс гуйж унаад явлаа. Унах унаагүй хүн ч бас хэцүү байдаг юм шүү. Дандаа л хүнээс унах морь гуйх болох юм. Бас л Бэйсийн Хачинд шогшиж очлоо. Мөн л олон хүн хүлээж байна. Би хүлээж байгаад Хачинд бараалхлаа. Хачин лам намайг таньж байна. “За эхнэр яасан? Өнгөрсөн үү?” гэж байна. “Үгүй, амьд. Бүр эдгэчээд байгаа” гэж би хэллээ. “Яасан хачин юм?” гэж шоогоо нэг орхиж үзээд хэллээ: “Та буцах замдаа нэг бурхан хүнтэй уулзсан шүү. Тэр лам танай эхнэрт зургаан жилийн нас өгсөн шүү” гэлээ. Намайг буцах замдаа хувилгаан ламтай уулзсаныг тэр мэдэж байна. Би тэгэхлээр ембүүгээ нэхсэн ч үгүй харьж ирлээ. Эхнэр маань түүнээс хойш эрүүл мэнд сайн явж байгаад зургаан жил болоод нас барсан даа. Үүнээс хойш тэр хувилгаан, Хачин хоёр ламыг мэргэн улс юм гэж их итгэдэг болсон юм даа” гэж Бохоодой Зундуй гуай ярьдаг байсан.

Ц.Дамдинсүрэнгийн "Лус савдаг, чөтгөр шулмастай учирсан хүмүүсийн яриа" номоос.