images

“Төрийн дуулал”-ын үг бичсэн минь


Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хууч

     Би Ленинградад диссертаци бичих гээд "Гэсэр"-ийг судалж байлаа. Тэгтэл гэнэт Москвад дуудав. Очсон чинь “Төрийн сүлд дуу” бич гэв ээ. Ленин, Сүхбаатар, Чойбалсан нарын нэрийг заавал оруул гэдэг юм байна. Энэ нэрнүүд нь шүлгэнд орж өгдөггүй. Тэр үед Д.Цэвэгмид Москвад сурч байсан тул надад нэлээд тус болсон юм. Москвад нэг байранд би нэг сарын хугацаатай суух болов. Портвейн дарс, мөн ногоон вандуй хоёр лаазыг авчихлаа. Улаанбаатараас хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар надтай утсаар ярина. Би бичсэнээ уншина. Тэд энэ үг болохгүй байна, тэр үг болж байна гэх зэргээр яриад л байна. Утсаар ярьсан зардлыг Зөвлөлтөд суугаа Элчин сайд хариуцна. Тэгэхэд маршал их болгоомжтой хандаж байлаа. Тэрбээр намайг Сергей Михалков, Михаил Исаковский хоёртой уулзаж зөвлөгөө ав гэсэн ёсоор тэр хоёртой уулзаж зөвлөгөө авлаа. Тэд их сайн шүлэг болж гэж үнэлэв. Энэ тухайгаа маршалд дуулгатал "Тэр хоёрынхоо “Болжээ” гэсэн хариуг бичгээр авч ирүүл" гэлээ. Тэд ч дор нь зөвшөөрч бичгээр хариу өгдөг юм байна. Улс төр, уран сайхны талаас сайн боллоо гэлцэж байсан юм. Ингээд “Төрийн сүлд дуулал” зохиогдоод гурван жил дуулагдаж байтал нөгөө “Халх Монгол” гэсэн асуудал гарч ирсэн дээ. Одоогийн шинэ дууллын үг уламжлалт зарчмаа орхиод шинэ маягаар бичигдсэн юм шүү дээ.

 “Монголын уран зохиолын дээжис” цувралаас