images

Гоо эмчийн паян


    Эрдэмтэн Ш.Лувсанвандан гуай 1960-аад оны үед Өвөр Монголын эмч Гоо гэдэг хүний тухай Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарт ярьдаг байжээ. Хориод жилийн дараа буюу 1981 онд Ц.Дамдинсүрэн гуай тэрхүү ярьсныг өөрийн санаанд үлдсэн болон Ш.Гаадамбын ярьсныг хамтатган ”Лус савдаг, чөтгөр шулмастай учирсан хүмүүсийн яриа” номдоо оруулсныг доор сийрүүлэв.

“Ш.Лувсанвандан 1957-60 оны орчим Бээжинд сууж их сургуульд багшилж байв. Тэнд их сургуулийн ардын эмнэлгийн багш Гоо гэдэг өвөрмонгол эмчтэй их танил болж дотно харьцаатай байжээ. Нэг өдөр Лувсанвандан Гоогийнд ороод сууж байжээ. Гаднаас өвчтэй туранхай эхнэр орж ирээд хэлжээ: “Би олон жил өвчтэй байгаа хүн. Доошоо өтгөний хамт цус гардаг. Олон эмчээр эмнүүллээ. Олон янзын эм засал хийлгэлээ. Ердөө эдгэрэхгүй юм. Энэ өвчнөөс салах арга байна уу? Та үзэж өгөөч” гэж гуйж гэнэ. Гоо тэр эхнэрийн судсыг барьж үзээд “Энэ өвчнийг аргалж болмоор санагдаж байна. Би хэдэн эм өгье. Түүнийг уугаад засармаар бол дахиж ирээрэй. Засрахгүй бол би эдгээж чадахгүй байна гэсэн үг. Ер нь таны өвчин уг нь мориноос ойчиж үзүүртэй чулуунд зоогоо цохиулснаас болсон юм шиг байна” гэжээ. Тэгэхэд эхнэр баахан бодоод “Би тийм юм ердөө санахгүй байна” гэжээ. “За тэгвэл та мартсан юм уу, эсвэл би буруу хэлж байгаа юм уу? Ямар ч болсон та энэ эмийг уугаад үз” гээд хэдэн эм өгч гэнэ. Эхнэр ч яваад өгч.

   Нэлээд хоносны хойно Лувсанвандан бас Гоогийнд ороод сууж байжээ. Тэр үед өнөөх эхнэр бас ирж гэнэ. Тэр авгайн царай зүс нэлээд сайжирсан янзтай харагдаж гэнэ. Тэгээд тэр авгай хэлжээ. “Миний бие их сайжирч байна. Таны өгсөн эм их тус боллоо. Дахиад биеэ үзүүлж эм залъя гэж ирлээ” гэжээ. Цааш нь бас хэлсэн нь: “Би зоо нуруугаа юманд цохиулснаа бодож оллоо. Би хорь хүрээгүй, айлын бэр болоод байхдаа нэг үдэш үнээ сааж байлаа. Тэгтэл үнээ дагасан бух ирж намайг дайрч унагасан юм. Би газар шаасан гадсан дээр зоогоороо ойчиж зоо нуруугаа гэмтээсэн юм. Түүнээс хойш удалгүй миний өтгөний хамт цус гардаг болсон. Таны урьд хэлсэн цөм үнэн” гэж хэлэв. Лувсанвандан Гоогоос асууж гэнэ: “Та судас бариад өвчнийг сайн мэдэж байна. Энэ эрдмийг та өөрөө судалж мэддэг болсон юм уу? Эсвэл багшаар заалгаж сурсан юм уу?” гэжээ. Тэгэхэд Гоо “Судас барьж өвчин танихаас эхлээд эм эмнэлгийн ухааныг танай халх багшаар заалгаж сурсан юм” гэж хэлэв. Тэгээд Гоо маарамба яаж эмч болсноо ярьсан байна. Гоо залуудаа чойр үзэж гэвш болъё гэж бодож Халхын Их хүрээнд очив. Тэнд очоод дацанд хурж чойр үзэж хэдэн жил боллоо. Тэгж байтал хөлийн шөрмөс татаж өвдөөд явж чадахаа больжээ. Олон эмч маарамба нарт биеэ үзүүлж эмнүүлсэн боловч ямар ч тус болсонгүй. Тэгээд бүр суугаа болов. Сүүлд нь Хүрээний сайн эмч Гоод хэлэв. “Чи Шаргын хүрээний Жаал гэлэн маарамбад оч. Тэр л чамайг эдгээж магадгүй” гэв. Тэгэхлээр Гоо Эрдэнэ зуугаас баруун тийш байдаг Шаргын хүрээнд явах аргыг хайж байв. Хамт суудаг нэг хувраг, Шаргын хүрээнээс ирсэн хүн, Гоод туслахыг оролдов. Шаргын хүрээний орчмоос ирсэн аянчин жинчнийг хайж зах дээгүүр явдаг байв. Нэг өдөр явж ирээд “Чамайг авч явах аянчныг оллоо” гэжээ. Гоо явахаа бэлтгэв. Аянчны тороор зөөллөсөн тэргэн дээр сууж хэд хоног яваад Шаргын хүрээнд очиж өнөөх эмчийнд очиж буув. Тэгсэн чинь эмч байдаггүй, айраг ууж амрахаар хөдөө явчихсан байв. Шавь нарынх нь хамт эмчийн гэрт суудаг болов. Намар сэрүүн болох үед Жаал гэлэн маарамба хүрээнд хүрч ирэв. Гоо учир явдлаа айлтгав. Эмч судсыг барьж үзээд “Энэ өвчнийг эдгээж болох байгаа. Ямар ч болсон эмнээд үзье. Одоо эмнэх болоогүй. Өвөл болохоор эмнэнэ. Чи манайд сууж л бай” гэж хэлэв. Тэгээд хэдэн сар болоход Гоогийн бие улам ядарч, хөл нь их өвддөг болов.

   Өвлийн нэг хүйтэн өдөр Гоог эмнэх болжээ. Гоог явган тэргэн дээр суулгаад маарамбын хоёр шавь түрээд Шаргын хүрээний зүүгээр урссан голд аваачив. Тэнд нэг гүнзгий цүнхээл ус байжээ. Мөсийг хагалаад Гоог чармай нүцгэлж тэр цүнхээлд суулгав. Цээжийг нэхий дээлээр хучив. Гоо маш их даарч, уснаас гарах гэхэд хоёр банди өндийлгөхгүй дараад байв. Багш нь “Тэг” гэж хэлсэн юм байжээ. Мэгзэм хэмээх мөргөлийг тавь унших хугацаанд цэв хүйтэн усанд суулгасан байна. Гоо ч үхэх шахаж байжээ. Тэгээд Гоог уснаас гаргааж аваад гэртээ авчрав. Ингэж Гоог өвлийн хүйтэн усанд арав шахам удаа суулгасан байна. Түүнээс хойш Гоогийн хөл тэнийж улам улам сайжирч байгаад босоод явдаг болжээ. Тэгээд удалгүй бүрмөсөн эдгэсэн байна. Гоо Жаал гэлэнг ихэд биширч өргөл өгч мөргөж шавь орсон байна.

   Тэгээд Гоо чойр үзэхээ больж Шаргын хүрээний Мамба дацанд суралцаж багш Жаал гэлэнгийн удирдлагаар эм судалж эмч болсон юм байжээ. Гоо багшийгаа дагаж эмийн өвс ургамал түүсэн, түүнийгээ хатааж нүдэж эм бэлтгэж сурсан байна. Гэвч багш нь Гоог “Залуу хүн зоригтой байдаг юм. Залуу эмч, хүн алж мэднэ. Дөчин нас хүртлээ эм битгий барь” гэж айлдсан байна. Гоо нутагтаа ирээд эмнэлэг мэдэх боловч эмнэлэг хийдэггүй байжээ. Дөчин нас хүртэл бас хэдэн жил үлдсэн байхаар Гоо Баруун Зууд очиж Мамба дацанд бас хэдэн жил суралцаж төвд эмнэлгийг сайн мэддэг болжээ. Тэгээд дөчин наснаас хойш эм барьж сайн эмч нэртэй болсон гэнэ. Түүнийг жар гарсан хойно Бээжингийн Их сургуульд багшаар урьсан учир Гоо Бээжинд очиж залуу эмч нарт өөрийн сурсан мэдсэнээ сургаж багшилж байсан юм байна. Энэ үед нь Ш.Лувсанвандан түүнтэй танилцсан ажээ”.