Лусад тусалсан нь


     Урьдын Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн суманд Сээмий Лувсан гэдэг эрдэм ном багатай, хөдөөний лам байжээ. Хийд дээр хааяа очиж цагийн хуралд хурахаас биш цаг үргэлж хөдөө хэдэн мал маллаж амьдардаг хүн байжээ. Лувсан нэг өдөр гэртээ сууж байтал нохой нь хуцаж гэнэ. Гадаа гараад харсан чинь баруун зүгээс жороо морь унасан хүрэн торгон дээлтэй ноён хүн ирж гэнэ. “Зоригт ван биш юм даа, Мишиг гүн юм болов уу?” гэж бодож байж. Энэ бол Автономит засгийн үед юм байжээ. Тэр ноён ирж гэрт нь ороод Лувсанд хэлж гэнэ: “Та маргааш гэртээ бэлэн байгаарай. Би таныг залах гэж яваа. Маргааш би ирнэ” гэж гэнэ. “Ноёны нутаг хаана бэ?” гэсэнд “Эрдэнэ толгойд” гэжээ. “Ноёны алдар хэн бэ?” гэсэнд “Эрдэнэ толгой” гэжээ. Лувсан бүр гайхаад олон үг асууж чадсангүй гэнэ. Мишиг гүний хошууны зүүн хойт биенд Эрдэнэ толгой гэдэг нэг уул байдаг. Тэр л Лувсангийн санаанд орж байжээ. Ноён мордоод явчихжээ. Лувсан маргааш нь гэртээ сууж л байж. Нохой нь хуцаж гэнэ. Хамт суудаг охин нь гарч хараад хойноос хэдэн хонь туусан хоёр морьтой хүн ирж явна гэж гэнэ. Охин нь дахин гарч хараад бүр айчихсан орж ирж гэнэ. “Та өөрөө гар. Туусан юм хонь биш чоно бололтой” гэж гэнэ. Лувсан гараад харсан чинь өнөөх хүрэн торгон дээлтэй ноён өөр нэг хүн дагуулаад нэг чононд жижиг тэрэг хөллөж туугаад ирж гэнэ. Лувсан ухаа алдталаа айж гэнэ. Чоно нь хэлээ гаргаад аахилж байж гэнэ. Хоёр хүний морь бас их хөлөрчихсөн байх юм гэнэ. Ноён хэлж гэнэ. “За Лувсан хурдан энэ тэргэн дээр суу” гэнэ. Лувсан хурдан шинэ дээлээ сольж өмсөөд айсаар тэргэн дээр нь сууж гэнэ. Тэгээд Лувсанг чоно хөллөсөн тэргэн дээр суулгаад өнөөх хоёр хүн туугаад баруун хойшоо давхиж гэнэ.

     Их хол явж Мишиг гүний Эрдэнэ толгой гэдэг ууланд хүрч очиж гэнэ. Тэр уулын энгэр дээр хоёр цагаан гэр байж гэнэ. Хавь ойр нь мал хогшил юу ч байдаггүй. Өвсийг нь гишгэлсэн янз огт байсангүй гэнэ. Баруун гэрт Лувсанг оруулж гэнэ. Гэрт жигтэйхэн сайхан гоёл тавилтай байж нэг ч хүн байсангүй. Лувсан айгаад зогсож л байж. Тэгж байтал хүн шиг биетэй хачин толгойтой хэдэн амьтан орж ирээд “Ноён ирж явна” гэж ярилцаж байна гэнэ. Тэгтэл нэг урт хүрэн могой орж ирээд хойно байгаа түшлэг дээр гарч ноён болж хувираад сууж гэнэ. Бас нэг могой орж ирээд нөгөө түшлэг дээр гарч хатан болж хувираад сууж гэнэ. Лувсанг тэдний доод талд олбог дээр суулгаж гэнэ. Тэгээд ноён айлдаж гэнэ: “Энэ зүүн гэрт манай хүү өвчтэй хэвтэж байгаа юм. Түүнийг чи эмнэж өг” Лувсан хэлжээ: “Ноён минь би хүн эмнэж чаддаггүй, эм тан барьдаггүй” гэж гэнэ. Ноён айлдаж гэнэ: “Чи чадна аа, чадна. Чамайг чадна гэж Мишиг гүний хошууны зурхайч Жамба-Иш хэлсэн” гэж гэнэ. Нээрээ Мишиг гүний хошуунд зурхайч Жамба-Иш гэж овоо эрдэмтэй лам байдаг гэнэ. Түүнийг Лувсан таньдаг юм гэнэ. Тэр Жамба-Иш Эрдэнэ толгой уулыг их тахиж шүтдэг хүн юм гэнэ. Лувсан зүүн гэрт нь орж гэнэ. Нэг өвчтэй хүн орон дээр хэвтэж байна гэнэ. Хөнжлийг сөхөөд үзсэн чинь хүн цээжтэй могой бөгстэй амьтан гэнэ. Могой бөгсөнд нь гадас шаалттай байж гэнэ. Тэр гадсыг нь суга татаад хаяж гэнэ. “Яасан сайхан юм. Нэг бие амарлаа” гэж тэр амьтан хэлж гэнэ. Хүрэн торгон дээлтэй ноён айлдаж гэнэ: “За гялайлаа. Чи миний хүүгийн өвчнийг эдгээлээ. Энд Очирбат тайжийнх гэж баян айл нутагладаг юм. Тэднийх олон ботготой юм. Зарц хүүхэн ботгоо сэлж аргамжихдаа гадсаа авдаггүй орхиод өөр газар шинэ гадас шаадаг юм. Нэг гадсыг миний хүүгийн бөгсөн дээр шаагаад өвчтэй болгож хатаасан юм. Тэр хүүхэн ч өөрөө өвчтэй хатаж байгаа даа. Одоо миний энэ зүгээр болохлоор тэр хүүхэн ч зүгээр болно. Би чамд өргөл барьц өгмөөр боловч чамд хэрэг болох юм над байхгүй. Чиний хэдэн унааг харж хандаж байхыг би Дөхөмийн хойт ууланд захья” гээд Лувсанг гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Зурхайч Жамба-Ишийн хүү бидний үед их мэргэн хүн байсан. Гэвч манай багш түүнээс юм битгий асуу гэдэг байсан. Тэдэнд хадир лус оршсон хүмүүс гэдэг байсан.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын (Мишиг гүний хошууны) өвгөн Бямбадоржийн 1974 онд ярьсан нь.

 

Ц.Дамдинсүрэнгийн "Лус савдаг, чөтгөр шулмастай учирсан хүмүүсийн яриа" номоос.