Монголчууд Өмнөд Солонгост хар ямааны мах нийлүүлбэл ашигтай
Өмнөд Солонгосын иргэд нохойн махтай уламжлалт шөлтэй хоолоо 2027 оноос идэх боломжгүй болох гэж байгаа билээ. Учир нь, Нохойн махыг хориглох хууль гарч нохойг хүнсний зорилгоор үржүүлэх, нядлах, түгээхийг хориглохоор болсон юм. Эрүүл мэндэд нэн ашиг тустай гэдэг нохойн махтай хоол ийнхүү алга болсноор үүнийг орлох нугас, тахианы мах, хийлдэг загасны шөлнөөс гадна хар ямааны махтай шөл тус улсын эмчилгээний хоолны зах зээлд өргөжин тэлж байна. Тухайлбал, тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам, хоол үйлдвэрлэгчид, “Bonjuk”, “BonIef” зэрэг зоогийн газрууд нохойн махтай шөлийг орлох эрүүл мэндэд тустай хоол гаргахын тулд “Bon Black Goat and Mushroom Samgyetang” тусгай брэнд гаргажээ. Ийнхүү Өмнөд Солонгосын зах зээлд өнгөрөгч сард анх удаа хар ямааны мах, мөөгтэй самятан гэдэг хоол нэвтэрсэн аж. Учир нь, хар ямааны мах хүний биед сайн болохыг эрдэмтэд нотолсноос гадна хүн ам нь хөгширч буй тус улсад эмчилгээний чанартай хоол тун чухал байгаа гэнэ. Улмаар тус улсын зах зээлд Монгол, Австрали улсууд ямааны мах нийлүүлж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн онд Монголын хэд хэдэн компани аль хэдийнэ албан ёсны бүртгэл, зөвшөөрөлтэйгөөр тус улсад ямааны мах нийлүүлж эхэлснийг “Chosun Daily” сонин онцолсон байна. Зах зээлийн эрэлтийг дагаад ямааны махны дуудлага худалдааны зах зээл өргөжин тэлж байгаагаас гадна өөрсдөө ямаа маллах нь нэмэгджээ. Тухайлбал, 2015 онд 280 мянган ямаатай байсан бол 2022 онд 430 мянга болж өссөн гэнэ. Түүнчлэн ямааны махны үнэ өсөж байгаа буюу энэ сарын байдлаар эм ямааны нэг кг мах 20 мянган воны үнэтэй байгаа аж. Сонирхуулахад, өмнөд солонгосчууд хууль бусаар нохойны махан хоол хийж худалдан борлуулбал таван жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдох, 50 сая хүртэл воноор торгуулах ял хүлээх хуультай болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.