images

Н.Ганхуяг: “Чингис хаан” үзэсгэлэнг гурван сая гаруй хүн үзсэн

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-24


АНУ-ын Вашингтон хотод амьдарч, дэлхийн улс орнуудын музейд “Чингис хаан” үзэсгэлэнг америк түншүүдийн хамт 13 жилийн турш толилуулж буй зураач, уран барималч Н.Ганхуягтай ярилцлаа.

   Дэлхийгээр тархан суугаа нийт монголчууддаа Монгол бахархлын баярын мэнд хүргэе. АНУ-д энэ өдөр Талархлын баяртай давхцаж амралтын өдөр таардаг. Тиймээс монголчууд хэсэг бүлгээрээ цуглаж Талархлын баярыг өргөн тэмдэглэдэг болж байна. Зарим хотуудад Монгол бахархлын өдөрт зориулсан урлагийн тоглолт зохиож, гүйх, салхинд гарах зэргээр тэмдэглэх уламжлал ч мөн тогтсон.

Олон жил өмсөж дэлхий тойрон жүжиглэсэн Цагаан өвгөний багтайгаа.

“Чингис хаан” үзэсгэлэнг 26 том музейд дэлгэсэн

     Би 2009 оноос хойш дэлхийн хэд хэдэн том музейд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргаж байна. Америкийн хорь гаруй хотын 26, 27 музейд үзэсгэлэнгээ гаргасан. Тухайлбал, Денвер, Хойд Каролина, Техасын байгалийн түүхийн музей, дэлхийн хамгийн том музейн нэг Иллинойс мужийн Чикаго хотын “The Field”, Лос-Анжелесийн “Ronald Reagan”, Калифорни мужийн Сан-Хосе хотын “Tech” музейд үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Мөн үзэсгэлэнгийн том танхимуудад ч тавьсан. Хамгийн сүүлд Айдахо мужийн Айдахо фоолз хотын музейд үзэсгэлэнгээ дэлгэлээ. Ирэх онд Сент-Луис хотын музейд энэ үзэсгэлэнгээ тавихаар төлөвлөж байна. Түүний дараагаар Европын орнуудад гаргах бодол бий. Одоогийн байдлаар бидний үзэсгэлэнг гурван сая гаруй хүн үзээд байна. Үзэсгэлэн гаргасан музейн ажилчид ч “Хамгийн шилдэг, олон үзэгч татсан сайхан үзэсгэлэн боллоо" гэж ам сайтай байдаг. Учир нь, бид зөвхөн үзэсгэлэн дэлгээд зогсохгүй урлагийн тоглолт байнга хийдэг юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд морин хуурч, хөөмийч СТА Б.Тогтохжаргал, хуучирч Г.Уянга нар урлагийн тоглолт хийж байна. Мөн би өөрөө эртний баатрууд, Чингис хааныхаа дүрийг бүтээж, фото зураг авхуулах, богино бичлэг хийх, киноны хэсэгт тоглох ажлыг хийдэг юм. Үүнээс гадна монголчууд өөрсдөө үзмэрээ танилцуулж, үүх түүхээ ярьж, монгол хэлээрээ ярьж өгөн, каллиграф буюу уран бичлэгээр нэр зэргийг бичдэг учраас амьд үзэсгэлэн болдог юм. Энэ бүх урлаг соёлын талын ажлыг би хариуцаж хийнэ.

   Томоохон музейтэй хамтарч ажиллах амаргүй. Үзэсгэлэнгээ гаргах музей олж, тогтмол үзэсгэлэнгээ гаргахын тулд том баг ажилладаг. Бидний хамтардаг америк түншүүд сайн ажилласаар ирсэн. Мөн энэ талаар мэдээллийг хэвлэлээр гаргаж олон сая хүнд хүргэдэг. Мөн үзэсгэлэнгээ Америк дахь Монгол өдөрлөгөөр дэлгэдэг. Хотуудад үзэсгэлэнгээ гаргах далимаар тэндхийн монголчуудтайгаа уулзаж учрах сайхан.

Вашингтон хотын "Smithsonian" музейд хийсэн тоглолтын дараа.

“Чингис хаан” кино гарахаас өмнө миний хүүгийн тоглосон кино гарна

   Үзэсгэлэнгээ гаргаж байх үед Холливүүдийнхэнтэй хамтарч уран сайхны кино хийх санаа төрсөн юм. Ийн санаж явсаар 6, 7 жил болж байна. Киноныхоо зохиолыг Жон Миллус гэдэг зохиолчоор бичүүлсэн. Брюс Лигийн зарим киног найруулж байсан алдарт Эндрю Морган гэдэг кино найруулагчтай хамтарч ажиллахаар тохироод олон жилийн нүүр үзлээ. Мэдээж Холливүүдэд дэлхийд алдартай эзэнт гүрний хааны тухай кино хийх амаргүй. Тиймээс ч энэ ажил олон жилийн нүүр үзэв. Нэгдүгээрт, зохиол бичих, хоёрдугаарт, санхүү босгох, гуравдугаарт, киног найруулж удирдаж авч явах уран бүтээлчдээ сонгох асуудал байсан. Харин дараагийнх нь асуудал бол Чингис хааны дүрд хэнийг тоглуулах вэ гэдэг байна. Хотуудад “Чингис хаан” үзэсгэлэнгээ гаргахын хажуугаар Лос-Анжелес орж кино хамтран бүтээх хүмүүстэйгээ байнга уулздаг.

Хамтран кино хийхээр тохирсон найруулагч Эндрю Морган олон жилийн өмнө Брюс Ли, Сэм Хуй нарын хамт.

    Одоогоор их хааны тухай кино бодит ажил болоогүй ч надад нэг сайхан мэдээ бий. Миний хүү Г.Занабазар Америкт мэргэжлийн жүжигчнээр төгсөөд Вашингтон хотын “Synetic” театрт найман жил ажиллаж урлагийн театрын ахлах жүжигчин болсон. Одоо Лос-Анжелес хотод Холливүүдийн жүжигчидтэй хамтран ажиллаж байна. Тэгээд гаднынхны сонирхлыг татсан тул миний хүүд зориулж Монголоос ирсэн залуугийн тухай өгүүлэх “Түүхэн кино” нэртэй зохиол бичсэн юм. Киноны зураг авалтыг нь хийгээд бараг дуусаж байгаа. Энэ хавар гэхэд олон нийтэд цацах байх шүү. Монголчуудын талаар өгүүлэх сайхан кино болно байх гэж бодож байна.

Жүжигчин хүү Г.Занабазар жүжгийн үеэр.

АНУ дахь Монгол улсын Соёлын элчийн хувьд “Mongolian house” соёлын төв байгуулахыг хичээж байна

   Монгол улсын Соёлын элчийн хувьд хоёр гурван том ажил хийхээр төлөвлөж байсан. Түүний нэг нь “Монгол бахархал” чулуун сийлбэр цогцолбор Баянхонгор аймгийн Баацагаан суманд байгуулах юм. Энэ ажлыг өнгөрсөн зун очиж эхлүүлээд ирсэн. Би өөрөө барималч учраас түүхэнд хийж бүтээсэн зүйлс, өв соёлоо чулуун дээр сийлбэл хэдэн зуун жил хадгалагдан үлдэх юм гэж бодсон юм. Үүнийг нутгийн ард түмэн талархан хүлээж авсан шүү.

    Дэлхийн 40 гаруй орноор аялж, “Ханбогд” хамтлагийн тоглолт, “Хүрээ цам” 108 багтай үзэсгэлэн, цамын бүжигтэй олон аялан тоглолтууд хийж байлаа. Энэ туршлагадаа үндэслээд гаднын улсуудад монгол соёлын төвийг байгуулахыг хүсэж мөрөөдөх юм. Тийм болохоор соёлын элч байх хугацаандаа Америкт “Mongolian house” соёлын төв байгуулчих юмсан гээд зураг төслийг нь гаргаад анхныхаа бизнес төлөвлөгөөг гаргачихсан, зохих шатанд нь хүмүүст танилцуулж эхлээд байна. Энэ удаан хугацаанд үргэлжилж биелэх төлөвлөгөө. Биелэх байх аа. 

Баянхонгор аймгийн Баацагаан суманд байгуулж буй "Монгол бахархал" чулуун сийлбэр цогцолборын эскиз зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.