images

Монгол хүн Парисын дуудлага худалдаанаас Монголынхоо юмыг авсан нь

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-24


     Монголын соён гэгээрүүлэгч, сэтгүүлч Сумъяагийн Жамбалдорж хорь шахам жилийн өмнө Францын Дорно дахины хэл соёлын их сургуульд багшилж байхдаа Парисын дуудлага худалдаанаас XIII зууны үеийн монгол цэргийн хөө хуягийг худалдан авч Монголдоо авчирсан түүхийг 2006 онд өөрийнх нь сийрүүлснээр хүргэж байна.
                
  “Парисын төв хэсэгт байдаг Олон улсын дуудлага худалдааны төвөөр орлоо. Дүүрэн хүн. Тэр төвийн 17 их танхимын тэн хагаст нь хоёр гурав хоногийн дараа дуудах элдэв юмсын үзэсгэлэн гарчээ. Үлдсэн хэсэгт нь дуудлага худалдаа ид явж байв. Есөн тоот танхимд ортол хананд дэлгэсэн хөө хуяг, нум сум нүднээ тусав. Түүх сонирхогчийн хувьд доорхи тайлбарыг уншиж үзтэл “XIII зууны үеийн монгол цэргийн хөө хуяг, нум сум. Эхлэн дуудах үнэ 1200 евро” гэж байв. Зүрх палхийв. Нүдэндээ итгэсэнгүй, дахин тайлбарыг уншлаа.
   Үнэн эсэхийг лавлахаар тэр өдрийн үзэсгэлэнд зориулсан зурагт тайлбарыг худалдан авч нягтлав. Маргах аргагүй “XIII зууны монгол цэргийн хөө хуяг, нум сум. Дуудаж эхлэх үнэ 1200 евро” гэж бичсэн байна. Тэр чигээрээ Парис дахь Монгол улсынхаа Элчин сайдын яаман дээр метродон очив. Элчин сайд, зөвлөх нарт үзсэн харснаа ярьж, ийм хосгүй гайхамшигт ховор нандин юмыг Монголдоо авахыг хүсч, зөвлөж, ятгалаа. Тэд ч нааштай хандаж, маргааш нь хамт очиж үзэхээр болов. Тэгээд бид хагас сайнд очиж сэтгэлээ ханатал үзээд “Авах нь зүйтэй” гэж шийдсэн юм.

   Хосгүй ховор үзмэрийн өндөр 1 м 35 см. Өргөн нь 90 см. Долоовор хуруу хэртэй урт, 1.5- 2 см хэртэй зузаан олон зуун ширийг дунд нь тэмээний үдээрээр хэлхэн хийсэн улаан чий будагтай ялтас бүхий хөө хуяг ажээ. Морьтой болон явган цэрэг өмсөхөд хөнгөн, нум сум үл нэвтрэх бат бэх хийцтэй уг хуягийг хэн нэгэн монгол аавын хүү өмсөж эдэлж дайтаж явсан гэж бодоход үнэхээр гайхмаар сэтгэгдэл төрүүлэх ажээ. Наад зах нь найман зууныг элээсэн уг хуяг  ханцуй, хормой хавиараа сэмэрч сэтэрснийг эс тооцвол тун бөх эд гэдэг нь илэрхий байв. Бүтэн сайн өдөр үдээс хойш дуудлага худалдаа эхлэхэд бид хүрэлцэн очиж, зуу орчим хүнтэй дуудлага худалдааны танхимд суудал эзлэв. Дуудлага худалдааны нэг танхим 100-гаад хүний суудалтай. Тэр өдөр Парис дахь Олон улсын дуудлага худалдааны төвийн уг танхимд 524 ширхэг эд зүйлс зарагдахаар бүртгэгдсэнээс бидний сонирхож буй хөө хуяг, нум сум 480 гэсэн дугаартай байлаа. Дуудлага худалдаа 14 цагаас эхлэв. Ажихад нэг эд юмст дундажаар 2- 3 минут, дээд тал нь 10 минут орчим хугацаа зарцуулж байгаа бололтой. Хэд хэдэн юмсыг  багцлан дуудах ч явдал байв. Хөтлөгч “XIII зууны монгол цэргийн хөө хуяг, нум сум. Гарааны үнэ 1200 евро. Нэг хоёр…” гэж тоолоход танхимаас хэн нэгэн хүн 1300 гэх сонсогдов.
- Жамбалдорж гуай та үнэ хаялцаарай гэж элчин сайд хэлсэн тул арга буюу би:
- 1350 гэв.
- 1350 евро. Нэг, хоёр… гэж хөтлөгч тоолж эхэлтэл танхимаас:
- 1400
- 1450
- 1500 гэж хоёр гурван хүн үнэ өрсөн дуудсаар 3500 евро хүрэхэд элчин сайд маань “За одоо больё” гэж хажуунаас ёвров. “Юу гэсэн үг вэ!” гэсэн зэмлэсэн харцаар харахад минь “За яахав 4000 хүртэл дуудаад үз” гэж намайг дэмжлээ.
   “Хөөрхий дөө, элчин сайдын яамны төсөвт ийм юм авах мөнгө байх биш” гэж бодоод өрөвдөх сэтгэл төрсөн боловч “Үнэ хэлцэх аргагүй үнэтэй эд! Дахин ийм хосгүй ховор юмыг монголчууд хаанаас ч олохгүй!” гэж элчин сайдаа ятгаж, өөрийгөө зоригжуулаад үргэлжлүүлэн үнэ хаялцаж билээ.
Анх гурав, дөрвөн өөр хоолой сонсогдож байснаа 4000 евро хүрэхэд биднээс гадна нэг хүн л тунаж үлдэх шиг санагдав.
- 4500 евро. Нэг, хоёр… гэсээр 5000 евро гэж дуудах үед “За одоо ёстой зогсоё, Жамбалдорж гуай” гэх элчин сайдын эрс хатуу дуу сонсогдов. “Бид ямар хувьдаа авах гэж улайрч байгаа биш дээ. “Сайд минь, энэ гайхамшгийг Монголдоо аваачвал Гадаад хэргийн яам байтугай Монгол орон тэр чигээрээ “Баярлалаа, та нар гавъяа байгуулжээ” гэнэ шүү” гэж хариу бариад би “5400” хэмээн хашгирах шахав.
Дуудлага худалдаа хөтлөгч
:
- 5400 евро. Нэг… хоёр… гэж дуудахад зүрх зогсох шиг л болсон. Цаг ч зогсох шиг. Тэгтэл ашгүй:
- Гурав гээд алхаа цохих нь дуулдав. “Бид ялжээ! Бид авлаа!” гэж бодохоос дуулмаар ч юм шиг, уйлмаар ч юм шиг болж билээ.
   Ингэж бид Парист сэтгэлээ хөвхөлзүүлж, зүрхээ догдлуулан байж монгол цэргийн мөнхийн дурсгалт хөө хуягийг эх орондоо авч ирсэн түүхтэй билээ. Хожим мэдэхнээ бидэнтэй хамгийн идэвхтэй үнэ хаялцсан хүн бол Америкийн Чикаго хотын Түүхийн музейн төлөөлөгч байж билээ. Тэр америк эр: “Хөөрхий дөө. Энэ хэдэн монгол авбал аваг” гээд үнээ нэмээгүй байх гэж бодож билээ. Дуудлага худалдааны танхимд биднийг үнэ хаялцаж байхад элчингийн жолооч гадаа бяцхан сан тавьж байсан гэдэг. Зориуд тэмдэглэхэд, Монголын түүхийн музейн нэгэн ховор нандин үзмэр болсон Чингис хааны үеийн монгол цэргийн хөө хуяг, нум сумыг Монголд авч ирэхэд Францад сууж байсан элчин сайд Ч.Батбуян хүчин зүтгэл сэтгэл гаргасан билээ”.

Зураг дээр: Парисаас чанх зүүн тийш 200 километрт байх Марн мужийн Ля Шэпп хэмээх сууринд МЭ 451 онд Хүннүгийн хаан Аттилагийн байгуулсан цэргийн хүрээ бэхлэлтийн туурь буй. Монголын өвөг дээдэс Баруун Европт дайлаар хүрсэн хамгийн алс цэг болох энэ газарт С.Жамбалдорж абугай 2003 онд очихдоо сүү өргөн монгол маягаар ёсолжээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.