images

Буриад зоны “Алтаргана-2024” наадмын бэлгэ тэмдэг ямар утгатай вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-19


   Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд болох буриад түмний өв соёлын “Алтаргана-2024” их наадамд дэлхий даяар тархан суурьшсан 50 мянга гаруй буриад хүн ирж оролцоно. Булган аймгийн Тэшиг сумын хүн амын 25 хувь нь буриад угсаатан юм. Тус наадмын бэлгэ тэмдгээр бухыг сонгон баталж, наадмын бүх бичиг баримт, үйл ажиллагаанд ашиглахаар болжээ. Булган аймгийн Тэшиг сумын уугуул Тааваа болон түүний үр хүүхдүүд “Бух ноёны дуудлага” хэмээх аман уламжлалыг сэргээж, Тэшигийн давааны ард Бух ноёны хөшөөг залж улмаар “Бух ноён” хэмээх үзэл санааны өвийг үе уламжлуулан тээж иржээ. Буриад зон мал сүргээ хайрлан хамгаалах, хүн малын элдэв өвчнийг дарах, малынхаа ашиг шимийг бүрэн ашиглахын тулд мал сүргээсээ шилж сонгосон бухаа асга хадтай өндөрлөг газарт аваачиж сэтэр зүүж, цай, сүүнийхээ дээжийг хоншоор, дух, хондлой дээгүүр нь дусааж, агь арцаар ариулан утдаг заншилтай. Улмаар тухайн тахилгын газартаа хусан шон босгон, бухаа хөтлөн тойрч ном уншуулж үр хүүхэд, амьдрал ахуйгаа даатган, уул усандаа сүсэглэдэг байна. Иймд бухыг хэдэн үеэрээ эрхэмлэн дээдэлж, шүтээнээ болгож иржээ. "Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж байжээ. Түүнээс хойш олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж 15 дахь жилтэйгээ золгох гэж байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.