images

Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман франц хэлээр гарчээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-04


   Зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман франц хэлээр хэвлэгдэн гарч буйг Францын “Jentayu” хэвлэлийн газар дөнгөж сая зарлалаа. Буриад түмний үндэс угсаа, соёл ухамсрын онцлог, хувь заяаг бөө мөргөлийн сэдэвт суурилан өгүүлсэн энэ зохиол Г.Аюурзанын бичсэн хоорондоо уялдаа бүхий дөрвөн романы эхнийх бөгөөд үүний дараа “Шүгдэн”, “Цагаан Хар Улаан”, “Судасны чимээ” романууд гарсан билээ. 2010 онд анх хэвлэгдсэн энэ романыг франц хэлнээ Р.Мөнхзул орчуулж, хавтасны зургийг Б.Билгүүн зуржээ. Р.Мөнхзул өмнө нь Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Ц.Доржготов, Б.Догмид, Д.Намсрай, П.Батхуяг нарын 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг бүхий “Хүрэл зүрх” түүвэр, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн хүүрнэл зохиолын “Аквариум”, амьтдын сэдэвт зохиолын “Чонын улиан буюу монгол бусад өгүүллэгүүд”, яруу найргийн "Шөнийн гялбаан, шөнийн хэлтэрхий", Т.Галсан, Д.Батбаяр нарын “Монгол ертөнцийн гурав” зэрэг арав шахам номыг франц хэлээр орчуулсан юм.

    Франц хэвлэлийг эрхлэн гаргаж буй “Jentayu” хэвлэлийн газар орчин үеийн Азийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг франц хэлт уншигчдад танилцуулдаг бөгөөд 2015 оноос хойш гаргасан түүврүүдэд нь манай зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Х.Тэргэл, Б.Золбаяр нарын бүтээлүүд багтаж байв. Хэвлэлийн газрын мэдээлснээр “Бөөгийн домог” романы франц хувилбар буюу "La Legende du Shaman" ирэх 25-ны өдөр худалдаанд гарах ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: “Jentayu” хэвлэлийн газрын Фэйсбүүк хуудас.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.