images

”The New York Times”: Монголын циркчид дэлхийд бол одууд, Монголдоо бол үгүй


АНУ-ын нөлөө бүхий хэвлэлийн нэг ”The New York Times” сонин өнгөрсөн оны сүүлээр Монголын циркчдийн талаар сэтгүүлч Дэвид Пиерсоны бичсэн сурвалжлагыг нийтлэснийг манай уншигч И.Гэгээлэнгийн орчуулан ирүүлснээр уншигчдадаа толилуулж байна.    

   Монгол циркийн сургууль дотор алхаж явахад эгээтэй л хөргөчний хөлдөөгч дотор буй мэт. Цагтаа үзэмж төгөлдөр сүрлэг ордонд байсан жүжигчид, уран бүтээлчид эдүгээ цуурч хагарсан хана туургатай, мөөгөнцөрт идэгдсэн дээвэртэй байранд байрлана. Барилгын хана, модон хийцүүдээс он удаан жилийн турш нэвширтэл шингэсэн тамхины утаа ханхийнэ. Өсвөр насны акробатчин хүүхдүүд эргэн тойрноо эс анзааран агаарт дүүлэн дэгдэж, харайн буух бүрт хөлөн доороос нь өлөн тоос пурхийнэ. Дэргэд зогсох багш нь алдаа оноог нь хэлж, хааяа нэг зандарна. Байрны гадаах дэргэдүүрх автомашины шороон замын дэргэд тогтсон шалбааг, цөөрөм дунд 11, 13 настай хоёр охин уран нугараач нарын гүйцэтгэдэг хамгийн хүнд үзүүлбэр “Маринелийн хотойлт”-ыг давтна. Тэр нь үзүүрт нь шир бэхэлсэн төмөр хоолойг амандаа зуугаад, эрүүний булчин хэсгүүд дээрээ бусад бүх биеэ дээшээ өргөж тогтоохыг хэлнэ. Тэгээд зогсохгүй бүх биеээ арагш хотойлгоод бөгсөн хэсгээ дагзныхаа ар хэсэгт нааж, хоёр хөлөө толгойноосоо урагш чанх жийнэ. Эгээ л хилэнцэт хорхойн сүүл мэт. 

Циркийн сургуулийн сурагчид бэлтгэлдээ орохын өмнө. Гэрэл зургийг Чанг В. Лий/”New York Times”

   Энэ хүүхдүүд ийм л чадвартай, ийм л хаттайдаа өдгөө дэлхийд хамгийн чансаатай “Нарны цирк” (Cirque du Soleil), “Ах дүү Рингл” (Ringling Brothers) зэрэг циркүүдийн манежнаа үзэгчдийн уухайг түрж байгаа хэрэг. Төр нь бараг дэмждэггүй, дасгал сургуулилтын тоног төхөөрөмжгүй шахуу газрын циркчид гэхэд гайхалтай. Одоогийн энэ байшин нь 83 жилийн өмнө баригджээ. Өдгөө Монгол улсын хэмжээнд мэргэжлийн циркийн жүжигчид, сурагч нар дасгал сургуулилтаа хийдэг цорын ганц байр нь. “Манай жүжигчдийн дэлхийд эрэлт ихтэй байдаг ч эх орондоо дасгал сургуулилтаа ч олигтой хийж чаддаггүй” гэж жүжигчин Юндэнгийн Гэрэлбаатар ярив. Тэрбээр акробатчин байгаад одоо циркийнхээ даргаар ажилладаг. Түүний тооцоолсноор Хойд Америк, Европын хэмжээнд 1300 гаруй монгол циркийн жүжигчид одоо ажиллаж амьдарч байна. 

   Хүн ам сийрэг, газар нутгийн хэмжээ нь АНУ-ын Аляска мужтай бараг тэнцэх Монгол улсын ийм авъяас төгөлдөр уран бүтээлчид яагаад дэлхийгээр нэг таран одно вэ? Учрыг ойлгоё гэвэл Монгол улсын өмнөх циркийн түүхийг сөхөж үзэх хэрэгтэй болно. Огт хоосон орон зайнаас хөгжиж дэвшсэн Монголын цирк нэгэн цагт бэлтгэгдсэн жүжигчид, уран бүтээлчдээр дутагдаж байсан үе ч байсан ч төдөлгүй жүжигчид нь олноор гадагшаа дүрвэх болжээ. Гол шалтгааны нэг нь нэгэн үе Японы үндэсний бахархалт спорт сүмогийн дэвжээг ноёрхож байсан Асашёрюү Монголын циркийн бахархалт өв соёлыг сэргээн мандуулна хэмээгээд циркийг худалдаж авсантай нь холбоотой. 

Нэгэн цагт түмний харааг булаасан ордонд хичээллэдэг байсан гимнастикчдын одоогийн хичээл, сургуулилтын байр. Гэрэл зургийг Чанг В. Лий/New York Times

   Монгол уран нугараачид энэ урлагаараа олон зууны турш хичээллэж иржээ. Эхэндээ гол төлөв ордны хэрэгцээ, хаад ноёдод үзүүлбэр үзүүлдэг байсан бол 1931 оноос эхлэн циркийн аялгуут дуу хуур, алиалагч, амьтад, акробатчдын үзүүлбэртэй хорших болжээ. Энэ нь тухайн цагт Зөвлөлтийн дагуул улс мэт байсан Монголд Оросын циркчид ирж тоглосонтой нь холбоотой. Орос циркчдийн үзүүлбэр үзэгчдийг алмайруулжээ. Монголчууд өөрсдийн цирктэй болохоор шийдэж Москва хот руу залуусаа илгээв. Тэд мэргэшиж боловсроод эх орондоо эргэн ирснээр 1940 онд Монгол улсын циркийн суурь тавигджээ. Тэр циркийн анхны байр нь өдгөө нурж балгас болох шахсан мөнөөх циркийн сургуулийн байр. Анх барихдаа гэр хэмээх нүүдэлчдийн уламжлалт оромжийг дүрсэлж барьсан аж. 

   Түүнээс гучин жил өнгөрч байтал ах дүү социалист Румын улсаас олон мянган хүний суудалтай орчин үеийн циркийг Улаанбаатар хотод 1971 онд барьж ашиглалтад оруулсан нь тэр цагийн нэгэн хэвийн саарал төрхтэй хотод өнгө нэмжээ. Хөгжиж буй улсын хувьд шинэ цирк нь иргэдийн цэнгэн баясах соёлын нэг голомт болов. Үе үеийн монголчууд циркийнхээ өнгө алагласан хувцастай жүжигчид, найрал дуу хөгжим, айж цочим гайхамшигт үзүүлбэрүүдийг сонирхож, нүдээ хужирлаж өслөө.  “Монголчууд цирктээ яагаад хайртай байв гэхээр тэрхүү цирк нь маш орчин үеийн шинж төрхтэй байсан юм” гэж 43 настай Ю.Гэрэлбаатар тайлбарлаад “Цирк нь үндэсний уламжлалт тоглолтуудаас онцгой өөр. Цаанаа шинэлэг, содон байсан юм” хэмээн хэлэв.

   Румын улсын тусламжаар цэнхэр дээвэрт циркийн ордныг 1971 онд босгожээ. Өдгөө энэ байшинд циркчид сургуулилт, үзүүлбэрээ хийх боломжгүй. Балгас болж нурах дөхсөн байшинд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэрэл зургийг Чанг В.Лий/”New York Times”

   1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөж, төрийн тэтгэлэг дээр тогтдог эдийн засгийн тогтолцоо нь өөрчлөгдсөнөөр циркийн хувь заяа бүрхэг болж иржээ. Удаах арван жилд нь төр циркээ тогтоон санхүүжүүлж чадахгүйд хүрч, худалдан авагч эрэлхийлж эхлэв. Тэр цагт нэр алдар нь цуурайтаж байсан монголчуудын нэг бол Японы сүмогийн дэвжээний Асашёрюү нэрээрээ алдартай бөх Долгорсүрэнгийн Дагвадорж байлаа. 2000-аад оны дийлэнх цаг үед сүмогийн дэвжээнд ноёрхсон түүнийг дураараа жаал ч гэдэг, бас гадаад бөх гэдгээр нь багагүй гадуурхаж байжээ. Учраа бөхөө давсныхаа дараа хэт хөөрлөө харуулдаг. Халуун усанд орохдоо ахмад бөхчүүдтэйгээ хүндэтгэлгүй харьцдаг гэлцдэг байв. 

   Лхагвасүрэнгийн Жаргал циркийн сургуульд жонглёрын дасгал сургуулилтаа хийнэ. Гэрэл зургийг Чанг В.Лий”New York Times”

   Асашёрюүг Монголд бүгд хүндлэн дээдэлж байв. Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбарт хөрөнгө оруулжээ. Циркийг нэгэн цагт мандаж байсан нэр хүндэд нь буцааж аваачна хэмээгээд тэрбээр 2007 онд Монголын циркийг худалдан авав. Уран бүтээлчдийг орчин үеийн циркийн манежнаа үнэ төлбөргүйгээр сургалт хийлгэж, цалинг нь нэмж, чадварлаг залуусыг татна гэж байв. Шинэ циркээ “Аса цирк” гэж нэрийдэв. Тэгэхэд гадаадад акробатчин, жонглёрчноор ажиллаж байсан Нямын Дашдэндэв цирк хувьд очсоныг дуулмагцаа Монголдоо яаран иржээ. Эх оронд нь шинэ боломж бүрдлээ гэж үзсэн хэрэг. Гэвч циркийн шинэ эзний амлалт төд удалгүй биш болж иржээ. Асашёрюү тоглогчдоос цалингүй ажиллахыг шаардаж эхлэв. Тэднийг цэнхэр асартаа ямар нэг бэлтгэл сургуулилт хийхийг хатуухан хязгаарлав. Цөөн тооны уран бүтээлчидтэй гэрээ хийсэн ч нөгөө хэд нь гэрээг нь дахин сунгах эсхийг мэдэхгүй, байдал нь бүрхэг. Доголдоод эхэлсэн байсан цирк Асашёрюүг худалдаж авсны дараа бүр цөөн жүжигчидтэй болж, хэдэн сараар завсарласны эцэст хаа нэг тоглолтоо хийдэг болов. Н.Дашдэндэв “Хэдхэн жилийн дотор бүгд цөхөрсөн дөө” гэлээ. Одоо 38 настай тэр өөрөө ч төдөлгүй АНУ-д гарч “Ах дүү Ринглигийн цирк”-д ажиллах болжээ. “Өв соёл, уламжлал маань мөхөж байх шиг санагдсан тул бидэнд маш гунигтай байсан” хэмээн тэр ярьж байна. Энэ нийтлэлийн агуулгад зориулж байр сууриа илэрхийлэхийг Асашёрюү ба Монгол улсын Соёлын яамнаас хүссэн ч манай энэ нийтлэлд зориулж ямар нэг тайлбар өгөөгүй болно.

Асашёорюү аварга цэнхэр нөмрөгтэйгээ. 2005 он. Гэрэл зургийг ”New York Times” сонинд зориулж Петер да Сильва авав.

   Сүүлийн жилүүдэд циркийн жүжигчид хоорондоо нэгдэж дасгал сургууль хийх байр сав гаргуулж авах талаар төр засгаас шаардаж эхэлсэн ч өнөөг хүртэл үр дүн гараагүй ажээ. Энэ зуур Асашёрюүгийн манеж дийлэнхдээ урлаг соёлын өөр концертийн хэрэгцээнд зориулагдаж, циркийн ямар нэг үзүүлбэр, сургалт хийгдсэнгүй. 2018 оноос хойш засварт орж, өдгөө тойруулан татсан хашаан дээр нь элдэв граффити зураг эрээчсэн үзэгдэнэ. Үүссэн нөхцөл байдалд олон жүжигчид гонсойж явдгийн нэг нь одоо Лас Вегас хотноо тоглож байгаа “Нарны цирк”-ийн “Зүманити” тоглолтын уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал юм. Ирээдүй болсон монгол циркийн залууст сургалтаа хийх цэвэрхэн, аюулгүй байдлыг хангасан байр байхгүй тул Монголын циркийн өв уламжлал мөд үгүй болно гэж санаа зовнидгоо ярив.

   Зураг дээр баруун гар талд буй 36 настай Мягмарын Ариунболд дэлхийн 50 улсад үзүүлбэрээ үзүүлсэн бол 33 настай Одгэрэлийн Цэцэглэн 30 гаруй улсад уран нугарчээ. Бидэнд ур чадварынхаа нэгээхэн хэсгээс сонирхуулав. Энэ хоёр бүсгүй хоёул “Нарны цирк”-д жүжигчнээр ажиллаж байсан. Гэрэл зургийг Чанг В. Лий/”New York Times”

   Э.Цацрал өдгөө 36 настай. “Монголын циркийн сургууль халуун ус ч үгүй, халаалт ч үгүй, дээр нь гэрэл гэгээ муутай” гэлээ. Тэрбээр “Маринелийн хотойлт”-ыг хамгийн урт хугацаанд гүйцэтгэснээрээ Гиннесийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон хүн юм. Багаасаа л нугарч эхэлсэн Э.Цацрал хэрэв төр нь циркээ авч явдаг байсан бол тэндээ л ажил амьдралаа зориулмаар санагддагаа хуваалцлаа. Гэвч одоо түүнд гадаадад ажиллахаас өөр сонголт үгүй. Залуу уран бүтээлчдэд Монголоо орхиж өөр улсад ажиллах нь өөрсдөд нь ч халтай байдгийг Э.Цацрал ярьж байна. Жишээ нь, өмнөөс нь гэрээ хийдэг гадаадын агентууд өөрсдөдөө л ашигтай гэрээ хийчих гээд байдаг гэнэ. Цацралд өөрт нь ч Монголоос тэс өөр цаг агаартай Лас Вегаст нүүж очих амаргүй байжээ. Хэт халуун учир гадагш гаралгүй дандаа дотор байсаар Д витамины хурц дутагдалд орж байснаа дурсан ярив. 

 Агаарын акробат сургуулилт. Гэрэл зургийг Чанг В. Лий/”New York Times”

   Э.Цацралын хувьд өөртэй нь нутаг нэгт хэд хэдэн залуус хамт ажилладаг тул өег байдаг ажээ. Ер нь ч их олуулаа учир өөрсдийгөө “Монголын нугараачдын мафи” гэж хүртэл хошигнодог гэнэ. Амралттай өдрүүдээр тэд цуглаж монгол хоолоо цугтаа хийж идэцгээн, эх нутгаасаа ирсэн элдэв сониныг хүүрнэнэ. Э.Цацрал “Бид нэгэндээ их хань болно. Гэхдээ л эх орноо их санадаг юм. Уг нь нутагтаа байгаад монгол хүүхдүүддээ уран нугаралт зааж, “Нарны цирк”-д ажиллуулна гэж мөрөөддөг юм. Гэвч очоод заая гэхээр хаана ч заах вэ дээ” хэмээн ярилаа.

Нийтлэл бичсэн Дэвид Пиерсон.  The New York Times. 2023/12/25.

Баярцогтын Халиун Монголын талаас сурвалжлахад зарим зүйл дээр туслав. 

Орчуулсан: И.Гэгээлэн

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.