images

10 баримт: Улаанбаатарын метро

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-12-28


   Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг шийдвэрлэж, холбогдох тогтоолыг гаргасан байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хэлснээр уг метрог барихдаа 2013 онд Японы JICA байгууллагын санхүүжилтээр хийсэн ТЭЗҮ-г баримтлахаар болжээ. Зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх этгээдийг шалгаруулах тендер ирэх оны нэгдүгээр сард багтаан зарлагдана. Улаанбаатарын метроны судалгаатай холбоотой зарим баримтыг “10 баримт” булангаараа хүргэж байна.

1. Улаанбаатар хот анх 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд метроны асуудлыг ярьж эхэлжээ.  

2. 2011 онд Өмнөд Солонгосын “Soosung Engineering” компани анхны суурь судалгаануудыг хийв.

3. 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгаа буюу “Улаанбаатар метро” төслийн судалгааг санхүүжүүлэн хийлгэснээр явцын тайлан нь 2012 оны гуравдугаар сард, улмаар эцсийн тайлан тавдугаар сард гарчээ.

4. Уг судалгааг Японы ALMEC, “Oriental consultants”, “Marubeni”, JGC компаниуд хамтран гүйцэтгэсэн юм.  

5. Судалгааны тайланд метроны шугамын нийт урт Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан хүртэл 17.64 км байхаар тооцоолсон.

6. Метрог бүтцийн хувьд гүүрэн, газар доорх, газрын түвшний гэсэн гурван хэлбэртэй байх нь зүйтэй гэж үзжээ.

7. Үүнээс газар доогуур 6.6 км, гүүрэн ба газрын түвшинд Зүүн дөрвөн замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөсөн юм.

8. Өртөө хоорондын зай 1.3 км,  шугамд огцом эргэлтгүй.

9. 2030 оны байдлаар Улаанбаатарын метрог нэг цуваанд 1481 хүн, оргил цагтаа нийт 12 цуваанд 17 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тусгажээ.

10. Санхүүжилтийн хувьд, JICA-гаар өөрсдийнх нь хөрөнгөөр гүйцэтгүүлвэл 1.7 тэрбум доллар, олон улсад нээлттэй тендер зарлаж бариулвал 1.3 тэрбум ам.доллар, монголчууд өөрсдөө төслийн менежментээ хариуцан, гадаадаас зөвлөхүүд авч хийвэл 1.5 тэрбум доллар байхаар гурван хувилбар яригдаж ирсэн бөгөөд Засгийн газар энэ удаа хоёр дахь хувилбарыг сонгожээ.   

Зураг дээр: Дэлхийн хамгийн гоёмсог метроны өртөөний нэг. Киото хот, Япон улс.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.