Т.Энхцагаан: Нэг камерт гурван ирвэс цугтаа харагдсан
Хөдөөгийн баясгалан
2023-12-06
Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан оршдог Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Т.Энхцагааны байрлуулсан камерт цоохор ирвэс буужээ. Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан амьдардаг нас бие гүйцсэн цоохор ирвэс толгой манай улсад 1000 орчим бий. Иймд Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёр дахь том популяци бүхий улс ажээ. Байгаль хамгаалагч Т.Энхцагаан манай сайтад ярихдаа “Энэ камерыг энэ оны 10 дугаар сарын 28-нд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дахь Сөнхөл багийн “Гүүт” хэмээх газар байршуулсан. Тэгээд сарын дараа очоод шалгатал цоохор ирвэс камерт буусан байна лээ. Нийт гурван камерыг 5-10 км зайтай, ан амьтан явах боломжтой гэсэн өндөрлөг газруудад тавьсан юм. Тэгтэл бүгдэд нь ирвэс явж үзэгдсэн. Хажуугаар нь чоно, янгир, буга хэсэг хэсгээрээ явж байсан. Харин нэг камерт гурван ирвэс цугтаа харагдсан бичлэгийг хамгаалалтын захиргаа Фэйсбүүктээ түгээсэн байна лээ. Байгаль хамгаалагчид маань камераа байршуулснаасаа хойш сарын дараа юу бичигдсэн байгааг нь эргэж очиж шалгадаг юм. Манай бүс нутагт сүүлийн жилүүдэд ан амьтны тоо толгой сайн өсөж байгаа. Мөнххайрхан уул бол Монгол Алтайн нурууны хоёр дахь ноён оргил. Уулын салбар, дэл уул, хад нь ч мөн өндөрлөг газарт тооцогддог. Баян-Өлгийн Булган суманд надтай нийлээд Ч.Баасанжав, Ш.Алтаншагай гээд гурван байгаль хамгаалагч ажиллаж байгаа юм. Миний хувьд 2006 онд Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа байгуулагдахад нь жолоочоор ороод 2013 он хүртэл ажилласан. Тэгээд хэсэг өөр газар ажиллаж байгаад 2022 оноос өөрийн хүсэлтээр байгаль хамгаалагч болсон” хэмээн өгүүллээ.
Сонирхуулахад, Мөнххайрханы БЦГ-ын бүс нутагт Дэлхийн Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр цоохор ирвэсний тоо толгойн нарийвчилсан судалгааг гаргахаар Мөнххайрхан ууланд 2017 оны тавдугаар сард 102 ширхэг, Үенчийн хавцалд 2017 оны 10 дугаар сард 29 камер байршуулжээ. Ингэхэд Мөнххайрхан уулын судалгааны талбайд цоохор ирвэс 54 удаагийн давталттай, 24 камерт 19 бодгаль бичигдсэн байв. Харин Үенчийн хавцлын судалгааны талбайн 17 камерт 94 удаагийн давталттай 10 бодгаль бүртгэгдсэнийг байгаль орчныг мэргэжилтнүүд тус тус ялгаж тодорхойлсон байна Мөнххайрханы БЦГ-ын бүс нутагт урьдчилсан байдлаар 39 тоо толгой ирвэс бүртгэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.