images

Өмнөд Солонгост байдаг Шарга морьт, Борын хөшөө, Гүнжийн ам...


     Монголчууд очиж суурьшсан газар орондоо өөрийн уул хайрхан, газар усны нэрийг өгөх нь түгээмэл байдаг. Манай иргэд хамгийн олноор суудаг БНСУ-д гэхэд л ийм жишээ маш түгээмэл бий. Өмнөд Солонгосын баруун нутгийн Чонан хотод сүүлийн арав гаруй жил аж төрж буй Ч.Анхбаяр энэ талаар өөрийн мэдэх жишээг манай сайтад бичиж ирүүлснийг нийтэлж байна.

     Чонан хотын төвд нэгэн түүхэн бүсгүйн хөшөө бий. Хөшөөг эндхийн монголчууд Борын хөшөө гэж нэрлэнэ. Бие биедээ зам зааж өгөх, уулзах газраа товлох, ажил төрөл хайх зэрэгт хамгийн түрүүнд Борын хөшөөгөөрөө баримжаа авна. Уг хөшөө бол Японы дарлалын эсрэг тэмцэлд манлайлан оролцож явсан Юү Кван Сүн хэмээх бүсгүйн хөшөө бөгөөд үйл хэрэг, нас сүүдэр, хөшөө болон мөнхөрсөн үйл явц нь манай Түвдэнгийн Борынхтой тун адилхан. Өнөөдөр Чонан хотод суугч монголчууд Борын хөшөө гэвэл андахгүй, яг л Баруун дөрвөн зам, Сүхбаатарын талбай  гэдэг шиг танил сонсогддог болжээ. Тэгэхээр энэ хөшөө, энэ газрын нэрийг тун онож өгсөн гэлтэй.

     Мөн Чонан хотын зүүн өмнөд хэсгийн Ансо дүүрэг гэж уул ус нь тэгширсэн сайхан газар бий. Битүү ой мод сүглийсэн уулын ам бөгөөд мухарт нь Бурхан багшийн цогцолбор хөшөө, сүм хийд байдаг. Энэ газрыг монголчууд Шарга морьт гэж нэрлэнэ. Жижиг дэн буудал олноор байдаг тул монголчууд их ажиллана. Ажлын зар дээр “Шарга морьтод ажилд гарах хүн байна уу?” гэх мэтийн яриа энгийн юм шиг сонсогдоно. Зуслангийн маягийн хувийн сууцууд ярайсан, модот уулынх нь амнаас жижиг горхи хоржигнон урсах тэр газар нээрээ л манай “Шарга морьт”-ыг санагдуулам.

     Солонгост Гванжу нэртэй хот хоёр ч байдаг. Өмнөдөд байдаг нь их том хот, харин Сөүлийн дэргэд байдаг нь тэрнээсээ хамаагүй жижиг. Эхнийхийг нь монголчууд том Гванжу, нөгөөг нь жижиг Гванжу гэж хэлдэг болсоор уджээ. Жижиг Гванжуд солонгосоороо Гунжи-ам нэртэй газар бий. Үүнийг манайхан шууд монголчлоод Гүнжийн ам гэж нэрлэнэ. Уг нь бол хад чулуу ихтэй уулархаг газрын нэр бөгөөд дээрх нэрэнд буй “ам” гэдэг нь хад чулуу гэсэн утгатай үг. Шууд монголчлон дуудаж нэрлэх нь манайханд амархан байдаг бололтой. “Танай гэр хаана вэ?” гэхэд “Гүнжийн аманд” гэж монгол нутагтаа малаа хариулж, адуугаа хурааж яваа мэт хээвнэг хариулна. Анх удаа Солонгост ажил хийхээр очсон нэгэн эр тэндхийн монголчууд хоорондоо ярилцахыг сонсон сууснаа “Үгүй, энэ Солонгосын чинь газар усны ихэнх нь монгол нэртэй юм уу даа?” гэж гайхсан гэдэг.

     Цаашилбал Солонгосын ойролцоо нэрт бас хоёр хотыг монголчууд дөрвөлжин Чонжу, бөөрөнхий Чонжу гэж ялгадаг. Бараг ижил нэртэй хоёр хот, яагаад нэг нь дөрвөлжин, нөгөө нь бөөрөнхий болдог билээ? Угтаа бол тэс хоёр өөр нэртэй, хоёр өөрөөр бичигддэг нэр л дээ. Нэг нь Чонжу, нөгөө нь Жонжу гэх маягаар дуудагддаг ёстой. Жонжу хотын “ж” үсэг нь яг ч “ж” биш юм. Ч, ж хоёрын дундуур маягтай дуудагдана. Бичлэг нь ч огт өөр. Дөрвөлжин, бөөрөнхий гэдгийн учир нь солонгос хэлний цагаан толгойд хэлний үзүүрийн “н”, хамрын “н” үсгийг өөр өөрөөр бичнэ. Үсгийн хэлбэр дүрсийн хувьд хэлний үзүүрийн “н” нь буюу дөрвөлжин өнцөг үүсгэсэн, нөгөө нь “” буюу бөөрөнхий хэлбэртэй бичигддэг. Хотуудын нэрний латин дуудлага нь дөрвөлжин гээд буй нь Jeonju, нөгөө бөөрөнхий гээд буй нь Cheongju юм. Энэ мэт нарийн төвөгтэй зүйлийг ялгаж олон тайлбар хийхийн оронд шууд хялбарчлаад адармаатай хоёр үсгийн хэлбэр дүрсний байдлаар нь бөөрөнхий, дөрвөлжин гэж нэрлэсэн нь тэр ээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Zochin

    Tegu mingaa

    2022-11-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.