images

Ц.Баатарчулуун: Монголд судлах орд олон учраас геологич, геофизикч нарт хийх ажил маш их байна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-09-22


Монгол Улсын Их Сургуулийн Геологи, геофизикийн тэнхим өнгөрөгч лхагва гарагт Өмнөд Солонгосын Засгийн газрын харьяа Суурь шинжлэх ухааны хүрээлэнгийн (KBSI) Геохронологи ба изотопын шинжилгээ, судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны талаар тус төвийн захирал, доктор Жон Сонүг “Бид байгалийн арвин баялагтай Монгол улстай геологи, геохронологи, тогтвортой изотопын, критикал металлын ашигт малтмалын ордуудын геологи, геохимийн судалгаа, критикал металлын ашигт малтмалын ордуудын хайгуул, ашиглалт, гүний усны судалгаа болон бусад чиглэлээр хамтран ажиллана. Ашигт малтмалын орд газарт геологийн нарийвчилсан шинжилгээ, судалгаанууд хийх төдийгүй эдгээр орд газрыг ашиглах үед түүнийг дагаад гарч ирэх байгаль орчны сөрөг нөлөөллийг хэрхэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээний судалгааг хамтран хийх тухай санамж бичигт гарын үсэг зурж, МУИС-д зочлон ирлээ” гэсэн юм. Мөн тэрбээр “Бид өнөөдөр МУИС-ийн нэг тэнхимтэй нь хамтарсан судалгаа хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглах тухай санамж бичиг байгуулсан. Цаашдаа хамтын ажиллагаагаа оюутан сургах, дадлагажуулах, багш солилцох зэргээр хөгжүүлэх боломжтой” гэлээ. Тус Геохронологи ба изотопын шинжилгээ, судалгааны төвийн судалгааны лаборатори, тоног төхөөрөмж, өндөр нарийвчлалтай судалгаа нь салбартаа дэлхийд тэргүүлдэг ажээ. Мөн шинжлэх ухааны судалгааны нээлттэй платформыг хөгжүүлэх зорилгоор олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Бид энэхүү хамтын ажиллагааны талаар МУИС-ийн Шинжлэх ухааны салбар сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч, профессор Ц.Баатарчулуунаас цөөн асуултад хариулт авлаа.

- Юуны түрүүнд та тэнхимийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу. Мөн өнөөдрийн гарын үсэг зурсан санамж бичгийн талаар ярина уу.

- МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхим 2014 онд байгуулагдсан. Үүнээс өмнө 1962 онд Геологийн тэнхим, 1965 онд Геофизикийн тэнхим тусдаа байв. Харин одоо хоёр тэнхим нэгдээд, тус тусын хөтөлбөрөөр сургалт, судалгаагаа явуулж байна. Манай тэнхим нийт 15 багштай. Өнөөдрийн тухайд бид БНСУ-ын Суурь шинжлэх ухааны хүрээлэнгийн Геохронологи ба изотопын шинжилгээ, судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай багш нар 2010 оноос уг төвтэй хамтарсан судалгаа хийж ирлээ. Хамтын ажиллагаа маань өргөжиж тодорхой түвшинд хүрсэн учраас харилцаагаа албан ёсоор бататгаж буй нь энэ бөгөөд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналыг Өмнөд Солонгосын тал түрүүлж тавьсан юм. Энэ санамж бичиг зөвхөн багш нар бус манай оюутан, судлаачид, хамтран ажилладаг бүхий л байгууллагуудад хамаатай, тустай гэдгээрээ онцлог. Бид гэрээгээ таван жилийн хугацаанд дагаж мөрдөнө. Хэрвээ хоёр талын аль нэг нь гэрээгээ дуусгая гэхгүй бол хугацаа нь шууд сунгагдаад явна.

- Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийх вэ?

- Геологийн судалгааны үндсэн зорилго нь байгалийн янз бүрийн эрдэс, чулуулгийг хэзээ үүссэн, хэдэн жилийн настай, ямар найрлагатай болохыг тодорхойлоход оршино. Өндөр нарийвчлалаар хэмждэг багаж техникээр тодорхойлох шаардлагатай учраас бид энэ ажлыг тус төвтэй хамтран хийх юм. Үүнээс харахад манай улсад ч өндөр зэрэглэлийн судалгааны хүрээлэнгүүд бий болох чухал хэрэгцээ бий. Одоо манайд байгаа хүрээлэнгүүд тодорхой хэмжээнд сургалт, судалгаагаа хийж яваа ч хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Энэ хүрээлэнтэй хамтарч ажилласнаар зөвхөн судалгааны дээж материалаа судлуулж хэмжүүлэх бус туршлага, судалгааны үр дүнтэй аргачлалыг суралцах боломжтой. Мөн зарим нэг шийдэгдээгүй асуудал дээр зөв тайлбар өгөх, шинжлэх ухааны талаас нь ухаж ойлгуулахад Солонгосын судлаачид бидэнд тусална л гэсэн үг.

- 2010 оноос энэ хүртэлх хугацаанд хоёр байгууллага ямар ямар судалгаа, төсөл хамтран хийсэн бол?

Тэнхимийн судлаачид маань “Эрдэнэтийн Овоо зэс-молибдени порфирын ордын зэс ба хүхрийн изотопын судалгаа”, “Тавтын алт-мөнгө-зэсийн ордын геологи ба хүдэржилтийн гарал үүсэл”, “Зуун модны хүдрийн дүүрэгт тархсан алтны ордуудын геологи, геохими болон хүдэржилтийн гарал үүслийн судалгаа”, “Баргилтын төмрийн хүдрийн ордын геологи, геохронологи, геохими болон хүдэржилт” зэрэг манай орны янз бүрийн ордууд дээр хамтран судалгаагаа явуулж ирсэн. Орд хэзээ үүссэн, ямар гаралтай, ямар процессийн үр дүнд бүрэлдэн тогтсон гэдгийг нарийвчлан тодорхойлохын тулд бид авсан дээжүүдээ энэ төв рүү илгээж судлуулдаг байлаа. Хамтарч хэрэгжүүлсэн олон төсөл бий. Нэлээд хэдэн жил хамтран ажиллаж байгаа болохоор тэдэнтэйгээ их ойртож нягтарсан байна.

- Хамтын ажиллагааны хүрээнд та бүхэн уг судалгааны төвд төлбөртэй  шинжилгээ хийлгэдэг байж. Санамж бичиг байгуулснаар төлбөр багасах уу?

- Дээж шинжлүүлэх, судалгаа хийхэд тодорхой хэмжээний зардал гардаг. Мөн хамтарсан төслүүдийн хүрээнд цуглуулсан дээжийг шинжлүүлэхэд тохиролцооны үндсэн дээр үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Зөвхөн бидний дангаар хийсэн судалгаанд тохирох хөлсийг төлнө. Санамж бичигтэй болсноор бид өмнөхөөсөө илүү шуурхай харилцаатай болж, илүү хурдан хугацаанд дээжээ шинжлүүлэх боломжтой боллоо.

- Хамтын ажиллагаа өөр ямар чиглэлд өрнөх вэ?

- Оюутнуудаа судалгааны шугамаар явуулж туршлага судлуулах боломж гарч ирж байна. Гэхдээ бидний энэ хамтын ажиллагаа тэнхим, төв хоёрын хооронд болж байна. Хоёр улс хамтарч ажиллахдаа ихэвчлэн дээд түвшний байгууллагаас эхэлдэг дээ. Бид тэгсэнгүй. Дээрээсээ биш доороосоо ингэж эхлэхэд харилцаа илүү гүнзгийрэх ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү хамтран ажиллах санамж бичгийн зорилгын үүднээс талууд тус бүр хамтран зохицуулагчийг томилж, хэлэлцүүлэг болон зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй хоёр талын зохицуулагч нараар олон жилийн хугацаанд энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахад хичээл зүтгэл гарган хамтран ажиллаж ирсэн Өмнөд Солонгосын Суурь шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор Ким Ёонмин болон Монгол Улсын Их Сургуулийн доктор, дэд профессор Содномын Оюунгэрэл нарыг томилон ажиллуулахаар тогтлоо.

-Тэдний талаас багаж төхөөрөмж ашиглуулах, хамтарсан судалгаан дээр төвлөрөх юм байна. Тэгвэл манай тал хамтрагч талдаа юу өгч чадах вэ?

- Монгол оронд дэлхийн хаана ч байхгүй ордууд, өвөрмөц судалгааны обьектууд байна. Тэгэхээр гаднын судлаачид Монгол орныг сонирхолтой байгалийн лаборатори гэж үздэг. Зөвхөн Өмнөд Солонгосын гэлтгүй дэлхийн бүх орнууд энэ чиглэлийн судалгаагаар монголчуудтай хамтарья гэж санал тавьдаг. Тухайлбал, Монголд 12 дахь удаагаа ирж байгаа солонгос судлаач сая ирж, санамж бичиг байгуулах ёслолд оролцлоо. Тэр хүний докторын судалгааны ажил нь “Эрдэнэтийн уурхайн геологийн тогтоц” байх жишээтэй. Тэгэхээр одоо хамтын ажиллагааны гэрээ байгуулчихсан учраас энэ мэт Монголыг сонирхох судлаачдын тоо нэмэгдэнэ, өргөжнө. Энэ бол том боломж. Тус төвтэй хамтран ажиллаж ирсэн манай багш нар тус төвийн судлаачидтай хамтран олон улсын том сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлсээр ирсэн ба цаашид үргэлжлүүлэн судалгааны ажлуудаа хэвлүүлснээр манай улсын геологийн салбарыг олон улсад улам бүр таниулна.

- Танай тэнхим үүнээс өөр ямар судалгааны төвтэй хамтарч ажиллаж байсан бэ?

- Орос, Япон, Солонгосын судалгааны их сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Геологи гэдэг ухаан бол зөвхөн нэг улсынх байдаггүй, тив дамнасан том процесс бүхий салбар. Тиймээс ч Азийн орнуудын судлаачид өөрийнхөө улсад геологийн салбарын судалгаа явуулах гэхээр зайлшгүй манай улстай холбоотой байж таардаг. Өөрөөр хэлбэл хөрш орнууд нэг том системийг тал талаас нь судалж явсаар хилд тулахаар манай улсад ирж судалгаагаа үргэлжлүүлэх шаардлагатай болдог.

- Эрдмийн зэрэг хамгаалах гэж буй гадаадын судлаачид манай улсыг хэр их сонирхдог вэ?

- Манай тэнхимд өвөрмонгол оюутан суралцаж байсан. Хөтөлбөр маань монгол хэл дээр болохоор гадаадын хүн ирээд сурахад хэлний асуудал бий. Англи хэлээр сургалтын хөтөлбөрөө батлуулчихвал олон улсын судлаачид ирж суралцах боломж бүрдэх учраас  цаашдаа бид  доктор, магистрын түвшинд гадаад хэлээр хөтөлбөр гаргахаар ярилцаж байна. Дээрээс нь тэр хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэх шаардлага бий. Хамтын ажиллагааны тал дээр аливаа улс орнуудаас бидэнд санал тавих юм бол нээлттэй хандана. Дэлхийн зарим улсууд геологийн салбарт хийх судалгаагаа аль хэдийнэ хийгээд дуусгачихсан байдаг. Харин манай оронд судалж шинжлэх орд олон учраас геологич, геофизикч нарт хийх ажил маш их байна. Хичнээн ч Оюу толгой орд, хичнээн ч Эрдэнэтийн овоо орд уурхай олдох юм билээ. Алсуураа монгол орны нийгэм, эдийн засгийн баталгаа болох орд ашигт малтмалыг олдог, судалдаг байх нь маш хэрэгтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.