ХХ зууны эхэн үеийн Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Финландад гарав
Чихэнд чимэгтэй
2023-09-22
Финландын дипломатч, хэл шинжээч, монгол судлаач эрдэмтэн Густав Рамстедтийн ХХ зууны эхэн үед Монголоор аялж, судалгааны ажил хийх үеэр авсан гэрэл зургуудаар энэ сарын 18-нд Хельсинки хотноо гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Энэ жил Монгол, Финланд улсууд дипломат харилцаатай болсны 60 жилийн ой тохиож буй тул уг үзэсгэлэнг манай Элчин сайдын яамнаас дэглэн гаргасан байна. Тус улс нь умардын орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаатай болсноороо онцлог юм. Харин эрдэмтэн Г.Рамстедт бол Хельсинкийн их сургуулийг фин-угор хэл судлаачаар төгсөж улмаар Алтай язгуурын хэлийг сонирхон судалж 1898-1912 оны хооронд Сибирь, Төв Ази, Монгол орноор тойрон аялж судалгаа хийжээ. Улмаар Монгол болон Азийн бусад орнуудад зорчсон тэмдэглэлээрээ “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх ном бичсэнийг судлаач М.Саруул-Эрдэнэ монголчилсон билээ. Уг тэмдэглэлд үндэслэн финланд найруулагч “Рамстедтийн ертөнц” баримтат кино 2008 онд бүтээснийг мөн 60 жилийн ойн хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард Бээжин дэх Финландын Элчин сайдын яамнаас үнэ төлбөргүй үзүүлжээ. Г.Рамстедт фин-угор, энэтхэг-европ, герман, санскрит, латин, грек хэлд нэвтэрсэн, есөн хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байсан бөгөөд монгол хэлний төрөл хэл, нутгийн аялгууг судалсан юм. Улмаар 1903 онд “Монгол бичгийн хэлний Халх-Хүрээний аман аялгуутай харьцуулсан авиа зүй” өгүүлэл бичсэн байна. Мөн “Алтай язгуур хэлний тооны үг”, “Монгол-Турк хэлний үйл үгийн язгуурын бүтэц” зэрэг олон эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, халх аялгууны авиалбарыг дэлгэрэнгүй, зөв тэмдэглэсэн анхны хүн болсон төдийгүй халх аялгууг XIII зууны үеийн ярианы хэлтэй жишин судалсан байна. Тэрбээр хилийн чанад дахь монгол хэл шинжлэлийн үндсийг тавьсан нэгэн билээ. Үүгээр зогсохгүй Монголын улс төрд багагүй гавьяа байгуулжээ. Дундад улсаас Монголд автономит эрх олгох асуудалд тусламж хүсэхээр 1911 онд Санкт-Петербургт очсон монголчуудын хүсэлтээр тэрээр Хаант Оросын Засгийн газартай хэлэлцээ хийхэд зуучлагчаар ажилласан бол 1912 онд Г.Рамстедт Нийслэл хүрээнд байхдаа тэр үеийн Монголын удирдагчид болох Чин ван Ханддорж, Хайсан гүн, Да лам Цэрэнчимэд нарт оросуудтай хэлэлцээ хийхэд тусалж байв. Мөн түүнийг XIII Далай ламын бүрэн эрхт төлөөлөгч буриад Агваандорж Төвөдөд зочлохыг урьсан боловч улс төрийн шалтгаанаар явж чадаагүй гэдэг. Финланд улс тусгаар тогтнолоо зарлахад тус улсын анхны Япон дахь Элчин сайдаар ажилласан тэрээр Хельсинкийн их сургуулийн Алтай хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч, багшаар ажилласан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.