images

Д.Амаржаргал: Хаясан хогийг нь өөр хүн цэвэрлэх ёстой гэдэг хандлагаасаа салах цаг болсон

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-09-21


Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, тавдугаар хорооны Засаг дарга Д.Амаржаргал манай сайтад хандаж ийн ярилаа.

- Миний бие 2021 оны нэгдүгээр сараас тус хорооны Засаг даргаар ажиллах болсон. Ажиллаж эхэлсэн цагаасаа иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх, тав тухтай, таатай амьдрах орчин бүрдүүлэх тал дээр анхаарч дараах гурван зүйлийг гол чиглэл болгон ажиллаж байна. Нэгдүгээрт, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хороондоо бүтээн байгуулалт хийх. Хоёрдугаарт, СӨХ иргэдийн тав тухтай орчин бүрдүүлж ажиллах тал дээр хяналт, шаардлага тавих. Гуравдугаарт, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, бүтээн байгуулалт болон сэргээн засварлалтын ажлуудад зураг төсөв хийлгэж батлуулан холбогдох газруудад цаг тухайд нь уламжилж шийдвэрлүүлэх. Эдгээр ажлууд эхнээсээ шат дараатай хийгдээд явж байна. Манай хороо бол хотын төвд байрладаг, ихэнх байшин барилгууд нэлээд хуучирсан байдаг тул дээвэр, фасад засварын ажил их чухал. Иймээс эдгээр ажлууд шат дараатай хийгдэж байна. Мөн үндсэн төв авто замууд шинэчлэгдэж байна. Байшин хороолол дундаас Загийн 24, 25, 26 дугаар байрны зам маш их эвдэрсэн тул шинэчлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад гурван жил дараалан гаргаж байж шийдвэрлүүлснээр засварын ажил хийгдэхээр болсон.

- Эдгээр ажлын явцад ямар тулгарч буй гол бэрхшээлүүд юу юу байна вэ?

- Хийж байгаа ажлын гүйцэтгэлийг харж байхад зарим ажлын явц удаан, чанар тааруу байна. Манай хорооны нутаг дэвсгэрт Гандан чиглэлээс үерийн ус ихээр орж ирдэг. Тиймээс энэ чиглэлийн ус зайлуулах шугамыг байнга арчилж тордохгүй бол хотын авто замыг ихээр сүйтгэж байна. Авто зам, явган зам, гэрэлтүүлэг, тохижилт, ногоон байгууламж, хогны асуудал байнгын ажиллагаа, арчилгаа, хяналт шаарддаг. Бид ч энэ тал дээр байнга анхааран ажиллаж байна. Монгол улс, тэр дундаа хүн ам их суурьшсан нийслэл хот хогоо ангилан ялгадаг болмоор байна. Нөгөө талаар манай хороо 150 гаражтай. Үүнээс 110 гараж буюу зургаан байршилд тохижилт хийх талбайг чөлөөлсөн. Хэдий зарим хүмүүсийн өмч сүйдсэн ч нийтийн эзэмшлийн талбай гарч ирж байгаад иргэд таатай хүлээн авч байгаа. Тухайн талбайд иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан зураг төсөв хийж тохижуулна. Үүнд бид бүгд хяналт тавьж ажиллах ёстой.

- Тус хорооны нутаг дэвсгэрт байрладаг албан байгууллагууд болон иргэдтэй хэрхэн ойлголцож хамтарч ажиллаж байна?

- Манай хорооны нутаг дэвсгэр дээр байрладаг томоохон аж ахуйн нэгжүүд болон СӨХ-үүдэд байнга санал хүргүүлж орчноо тохижуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх шаардлага тавьдаг. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон зарим сургууль, цэцэрлэгийн орчин эдгээр ажлууд хийгдсэн. Энэ хүрээнд VI сургуулийн захирал Түвшинсайханд саналаа уламжилсанд нааштай хүлээн аваад хашаандаа мод тарих ажлыг эхлүүлсэн. Бидний санал бол жил бүр нэг төгсөгч нэг мод тарих аян өрнүүлээд, сургууль өөрөө арчлаад тордоод явахад арван жилийн дараа сайхан ногоон төгөлтэй болох явдал, ийм боломж бүрэн бий. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, захирал нартай орчны тохижилтын талаар харилцан ойлголцож хамтран ажиллаж байна. Бид тэдэнд “Хүүхэд бүр онц сурах албагүй. Харин хүүхэд бүр байгальдаа хайртай байх ёстой” гэдгийг хэлдэг. Нөгөө талаар бид иргэдээ соён гэгээрүүлж, иргэд өөрсдөө амьдарч буй орчиндоо ухамсартай, цэвэр цэмцгэр суух хэрэгтэй байна. Бид өглөө, өдөр бүр хэн нэгнийхээ хаясан хогийг түүхэд цаг зарцуулмааргүй байна. Тамхины ишээ цонхоороо шиддэг, хогоо хаа хамаагүй хаядаг энэ муу зуршлаасаа салахад  л орчин тойрон аяндаа цэмцийгээд ирнэ шүү дээ. Хог хаях биш харин эсрэгээрээ байрныхаа гадна эсвэл тагтан дээрээ цэцэг мод тарьж хотын өнгө үзэмжиндээ нэмэр болдог иргэд олноороо хэрэгтэй байна. Бид чинь энэ нийгмийг бүрдүүлэгч шүү дээ. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг үгтэй. Хогоо хаа хамаагүй хаяад байвал хогон дунд л амьдарна гэсэн үг.   

- СӨХ-үүдийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байдаг вэ? Хуулийн зохицуулалт хүссэн хэмжээнд байж чаддаг уу?

- СӨХ-ны тухай хууль шинэчлэгдэж байгаа л гэсэн. Хараахан эцэслэн батлагдаж гараагүй, хүлээлтийн байдалтай байна. Тус хуулинд шинэчлэх, сайжруулах шаардлагатай зүйл олон бий. Хамгийн гол асуудал нь байр болгон өөрийн СӨХ- той байх сонирхолтой. Зарим СӨХ цөөхөн байртайн улмаас санхүүгийн хувьд чадамж муутай, зарим СӨХ боломжоороо сайн ажиллаж байхад зарим нь боломж байгаа хэрнээ сэтгэлгүй ханддаг гээд хэлчихвэл гомдох байх даа. Манай хороо 33 байртай. Энд ажиллаж буй олон СӨХ-уудыг нэгтгээд 5-6 СӨХ болгомоор санагддаг юм. Гэрийнхээ хаалгаар хогоо гаргаад орхичихдог, цонхоороо хогоо хаячихаад түүнийг нь заавал өөр хүн цэвэрлэх ёстой юм шиг ханддаг энэ үзлээсээ салах цаг болсон. Эцсийн дүндээ энэ нь хувь хүний ухамсрын л асуудал юм.  

- Хорооны ажилчдын хүчин чадлын хувьд та юу хэлмээр байна?

- Хороон дээр байрлах улсын бүртгэл, халамж гээд босоо удирдлагатай хэлтэс нэгжүүд нэгдүгээрт, хүний нөөц дутуу, нэг хүн хоёр хороо хариуцах нь ч байдаг. Хоёдугаарт, чиглэл өөрчлөгддөг энэ байдал иргэдийг бухимдуулдаг. Нийслэл нэг цэгийн үйлчилгээгээ улам нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь эндээс харагддаг. Хорооны өрхийн эмнэлэг, цагдаа нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьдаг чухал салбар. Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байгааг анхаарч, хүмүүс тогтвортой ажиллах боломжоор хангах тал дээр төрийн бодлого нэн чухал байна. Нэмээд хэлэхэд анхан шатны төрийн албан хаагч нартай иргэд маш их соёлгүй, дээрэнгүй ханддаг. Үүнээс болоод энэ чиглэлд ажиллах хүмүүс олдохгүйд хүрч байна. Үүнээс гадна хүмүүс бие биедээ тусч өгөөмөр байгаасай гэсэн үүднээс бид “Дэм дэмэндээ хандивын аян өрнүүлсэн нь тодорхой үр дүн өгөөд байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.