images

Монголынхоо урлагийн гайхамшгийг Сиднэйн их театрт үзэж биширлээ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-09-15


Австралийн Сиднэй хотын дуурийн театрт өчигдөр Монгол улсын Морин хуурын чуулга анх удаа тоглолоо. Австрали улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэн С.Одгэрэл, Г.Пүрэвсүрэн нараас уг тоглолтыг өндөрлөсөн даруйд нь цөөн асуултад хариулт авч сэтгэгдлийг нь сонссоноо толилуулж байна.

- Тоглолт хэр удаан үргэлжлэв, тийз нь ямар үнэтэй, олдоц нь хэр байв даа?

- Манай Морин хуурын чуулгын тоглолт орон нутгийн цагаар 19 цагт эхлээд 21 цагт өндөрлөлөө. Хоёр цагийн тоглолт юм байна. Тийз нь 100 долларын үнэтэй. Зарим нөхөд үнэ хүргэх санаатай аваад 200 доллароор борлуулахаар зар тавьсан байсныг интернэтэд харсан. Гэхдээ яг зөв замаар нь авбал билетийн олдоц хангалттай байлаа.

- Тоглолт аль танхимд нь болов? Үзэгчид хэр их байв даа?

- Сиднэйн дуурийн театр дотроо гурван жижиг театр, их бага хоёр танхимтай юм билээ. Түүний их танхимд нь болсон. 2700 хүний суудалтай танхим гэв үү дээ. Үзэгчид дүүрэн, хөл гишгэх зайгүй байлаа. Австраличууд өөрсдөө дийлэнх, гэхдээ монголчууд маш олон байсан нь мэдээж. 

- Тоглолтын нээлт, өрнөлийн талаар товчхон ярьж өгөөч.

- Энэ тоглолт манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралид хийж буй айлчлалын хүрээнд болж байгаа юм билээ. Тийм учраас тоглолтыг нээж сайд Б.Батцэцэг үг хэллээ. Хүний өөрийнгүй сэтгэл хөдөлмөөр маш сайхан үг хэллээ. Австралийн талаас Шинэ Өмнөд Үэльс мужийн парламентын дарга Бэн Франклин гэдэг хүн үг хэлж байна. Сиднэй бол энэ мужийн нийслэл хот юм. Мөн Австралийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч үг хэлсэн. Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч эмэгтэй ирсэн байв. Австралийн төр засгийн байгууллага, бизнесийнхний төлөөлөл, Австралид суугаа гадаад улсуудын Элчин сайд нар ирснийг бас зарлаж байна лээ.   

   Хамгийн түрүүнд Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г тоглож тоглолтыг нээсэн. Дараа нь “Урьхан хонгор салхи” уртын дууг Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар гоцлон дуулав. Энэ дууг Монголдоо байхдаа зөндөө л сонссон. Гэхдээ энэ удаагийнх шиг амьсгаа даран сонсож байсангүй. Дараа нь нэг сайхан магтаал, улмаар мөн Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир “Балжийн гол”-ыг дуулсан. Ингээд Гавьяат жүжигчин, ятгачин О.Мөнхтогтох “Хутагтын сахиус” гэдгийг тоглоод 15 минут завсарлалаа. Хоёрдугаар үе “Чингисийн эр хоёр загал”-аар эхлээд хөгжмийн хэд хэдэн сайхан гоцлол явсан. Дараа нь Б.Гомбо-Очир, Ө.Уянга хоёр “Аав ээж хоёр минь” дууг дуулав. Энэ дууг сонсоод эргэн тойрон суусан олон монгол хүн нулимсаа арчихыг харлаа. Бид өөрсдөө ч бас зүгээр байж чадсангүй дээ. Ерөнхийдөө ийм л тоглолт боллоо. Дэлхийн соёлын нэг гайхамшигтай том төвд Монголын маань ардын хөгжмийн чуулга ирээд тоглохыг үзээд сэтгэл үнэнхүү их хөдөллөө.

- Та нар танхимын аль хэсэгт суув?

- Бид тайзны хажуугийн суудалд суусан. Үндэснийхээ хөгжим, аялгууг хүний нутагт сонсохоор бүр бүх эд эрхтэнээрээ сонсдог юм байна, хөгжим бүрийг нь тус тусад нь ялгаад, юун тухай өгүүлж байгааг нь сэтгэлдээ ургуулж сонслоо. Танхимын уур амьсгал нам жим, бүгд тайз руу хараастай. Хөгжмөөс өөр ямар ч чимээ байхгүй. Хоёр цагийн тоглолт хормын зуурт л өнгөрлөө.

- Тоглолт хэрхэн өндөрлөв? Манайхныг дахиулав уу?

- Тоглолт дууссан чинь хүмүүс алга ташаад салдаггүй, нэг ая нэмж тоглосон. Тэгээд өндөрлөх болсон чинь заал тэр чигээрээ босоод, нижигнэж өгсөөн.

- Энэ театрт та бүхэн анх удаа оров уу?

- Тэглээ. Үнэхээр хосгүй сайхан театр юм аа. Дотор нь ороход хүний сэтгэл хөвсөлзмөөр, хүн өөрөө шууд л намуухан, даруухан болмоор тийм онцгой орчин юм байна. Бүх юм нь алган дээр тавьсан юм шиг ил. Орохоосоо өмнө театрын эргэн тойронд зориуд явж үзсэн юм. Тэгж үзэхэд шал шат, хана туурганд нь өчүүхэн төдий ч тоос тортог байхгүй. Энэ нь л нэг тэгчихэж дээ гэх юм нэг ч үгүй. Театр гэдэг дотроо сайхнаасаа гаднаа мөн тийм сайхан байдаг ёстой, тэгж бодож хийдэг юм байна. Тойроод явж байхад хаашаа ч харсан далай, ой мод, цэцэрлэг, тэр чигээрээ тав тух, амар амгалан. Зүйл зүйлийн үйлчилгээний газар, дэлгүүр хоршоогоор нь явна, усан онгоцоор нь зугаална. 

- Тоглолтын тухайд та бүхэнд өөр ямар сэтгэгдэл төрөв?

- Монголын нэрийг гадаадад ганц тахалж байгаа энэ хөгжимчид цалин хөлс сайн авдаг байгаасай гэж үнэхээр бодлоо. Тэр хүмүүсийн их бага гэлтгүй хөдөлмөрийг үнэхээр биширлээ. Бөмбөрчин гэхэд л тэр хамтлаг дотроо ямар чухал үүрэгтэйг сая л ойлголоо. Бид найзуудаараа олуулаа үзсэн. Гараад явж байхад найруулгыг нь бага сага өөрчилмөөр юм байна, хөтөлбөртөө шинэ шинэ юм оруулмаар юм байна гэж зарим маань хэлж байна лээ. Тухайн тоглож байгаа орны хүмүүсийн сонирхлыг илүүтэй татах орчин үеийн хөгжмийн юм оруулдаг ч юм уу. Сониноос, таньдаг амьтан хүн юу бол гэж харж байсан чинь дүүгийн маань нэг ангийн лимбэчин охин ирсэн байна. Бид ажил төрлөө тарж хариад, хам хум хувцсаа солиод л гүйгээд гарсан улсууд чинь тэдэндээ бэлэг сэлт аваад ирэх тийм сэхээ байсангүй. Уул нь нэг хоёр хүн ч гэхгүй, чуулгынхандаа бүгдэд нь цэцэг навч авчраад тайзан дээр гараад өгвөл их гоё байх байж дээ гэж бодлоо. Зохион байгуулалт нь ч ондоо болохоор тэгж чадсангүй дээ. Монголчуудын холбоо, ЭСЯ-наас  урьдчилан тийм зохион байгуулалт хийвэл аятайхан байх байжээ. Бүхэлдээ бол үнэхээр их сэтгэл хөдөллөө. Дэлхийд алдартай Сиднэйн их театр дотроос үнэнхүү магнай тэнэгэр гарч ирлээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.