images

Профессор Кан Хүэ Жин: Анх удаа ирээд л би сэтгэл зүрхээрээ Монголд бүрэн ууссан

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-08-07


   Өмнөд Солонгосын “Чоннам” их сургуулийн профессор, утга зохиол судлаач Кан Хүэ Жинийг Монголд аялж явахтай нь таарч ярилцсанаа уншигчдадаа толидуулж байна. Мөн Монголын тухай өгүүлсэн фото эсээний номоос нь зарим нэг шүлэг, эсээг монголчлон хүргэе.  

- Таныг маш олон удаа Монголд ирж аялсан гэж сонслоо. Монголд ингэж ихээр татагдах болсны учир?

- Тийм ээ. Би Монголд арав гаруй удаа ирж хөдөөгийн сайхнаар аялсан байна. Одоогоос хориод жилийн өмнө би Сөүлд утга зохиолын чиглэлээр магистрт сурангаа ахлах сургуулийн сурагчдын элсэлтийн шалгалтад бэлдэх дамжаанд багшилдаг байсан юм. Судалгааны ажлаа бичих, унших, хажуугаар нь багшлах, хичээлдээ бэлдэх гээд борви бохисхийх завгүй ажиллаж байлаа. Сүүлдээ нэлээд ядрах, залхах янзтай ч болж байв. Нэг өдөр ямар сонин байсныг одоо санахгүй байна, нэг сонин эргүүлтэл Монголын тухай жижиг нийтлэл гарсан байлаа. Түүнээс өмнө би Монголын талаар өчүүхэн ч ойлголтгүй байсан юм. Тэрхүү жижиг нийтлэлд хавсаргасан тал нутаг, монгол гэрийн зураг миний харцыг өөрийн эрхгүй татсан. Нийтлэлийг уншаад үзтэл энгийн бяцхан танилцуулга маягийн, тал нутгийн тухай, нүүдэлчин ахуйн тухай, монгол хүмүүсийн тухай товчхон дурдсан байлаа. Зун цаг байсан юм. Ингээд гэнэт шийдвэр гаргаж хотын нүргээнт амьдрал, зай чөлөөгүй их ажлаас жаахан хөндийрье гэж шийдээд, хөлсний байрнаасаа нүүж, ачаа бараагаа хамаатны эгчийнхээ гэрт аваачиж хурааж орхиод байсан хэдэн мөнгөө халаасалж аваад Монголыг зорьсон. Бүр тэнд очиж нэг сар амьдрахаар шийдэж байгаа юм.

- Нэг сар гэнэ ээ?

- Тийм ээ, нэг сар. Энэ шийдвэртээ би одоо болтол баярлаж явдаг.

- За ингээд Монголд ирлээ. Анхны сэтгэгдэл ямар байв?

- Үнэхээр сайхан санагдсан. Хүмүүс нь найрсаг, шар айраг ч нь хямдхан. За энэ наргиан шүү (инээв). Улаанбаатар хотын гудамжаар морьтой хүн явж байгаа нь үнэхээр ер бусын сайхан санагдсан. Ингээд хотод ганц нэг хоноод интернэтээс олж авсан мэдээллээрээ шууд говь явсан. Дараа нь Хөвсгөл орсон. Тэр үед хөдөөгийн зам тааруу байсан тул говь ороод, Хөвсгөл ороод ирэхэд нэлээд хугацаа орсон. Ингээд л би сэтгэл зүрхээрээ Монголд бүрэн ууссан даа.

- Дараа нь хэзээ ирэв?

- Яг дараа жил нь дахиад ирсэн. Ирэх тусам сэтгэл татдаг газар даа.

- Яг юу таны сэтгэлийг ингэтэл татав?

- Унаган байгаль, хүмүүсийн эрх чөлөөтэй байдал, нүүдэлчдийн амьдрал, дэлхийн хаанаас ч олж харах боломжгүй сонгодог нүүдэлч амьдрал, мал ахуй гээд олон зүйл миний сэтгэлийг татах юм даа. Өндөр өндөр шилэн барилга, хөгжил дэвшлийг бол дэлхийн хаанаас ч олж харж болно шүү дээ. Хамгийн нандигнаж хайрлах ёстой зүйл бол сонгодог нүүдэлч ахуй, эвдрээгүй унаган байгаль юм шүү дээ. Хаанаас ч олж мэдрэхгүй тийм сайхан мэдрэмжийг л Монголоос олж авдаг даа. Би өөрөө ч балчир насаа хөдөө, байгальд өнгөрөөсөн хүн юм.

- Монголд хамгийн удаан байсан хугацаа?

- “Улаанбаатар” их сургуульд Солонгосын утга зохиолын хичээл зааж зургаан сар амьдарсан. Тэр үедээ бас  хөдөөгөөр аялсан. Өвлийн говь, намрын говь бүгд өөр өөр төрхтэй.

- Энэ удаад хаагуур аялав?

- Энэ удаад зохиолч, их сургуулийн багш зэрэг хүмүүстэй нэг баг болж ирээд баруун Алтайн уулс, Ховдын Мөнххайрхан уулнаас наашлаад Хангайн нурууг Загастайн даваагаар давж Хөвсгөл, Булганаар тойроод 14 хоногт нийт 5000 орчим километр зам туулж маш сайхан аяллаа. Говь-Алтайн Тайшир сумын дэргэд Завхан гол дээр майхантай хонох үед үнэхээр ер бусын сайхан байсан. Жинхэнээсээ одод асгарсан шөнийг тэнд үзлээ. Мөнххайрхан уулын хаяанд очиж монгол гэрт хоноход үгээр илэрхийлэх аргагүй гайхамшигтай байлаа. Биднийг тав тухтай хонуулж амраасан нутгийн залуу Х.Лхажав болон түүний гэргий, жаахан хүүхдүүдэд нь талархсанаа хэлмээр байна. Биднийг тэнд очиход гэр нь эзгүй байсан юм. Гэтэл монгол хөтөч маань шууд гэрт нь ороод ачаа бараагаа буулгаад тухалж эхэлсэн. Ингэж болох эсэх талаар би бодож жаахан түгшиж байтал шөнө оройхон гэрийн эзэд ирээд энгийн сайхан найрсаг зангаар биднийг хүлээн авч, ирэхэд нь эзгүй байсандаа биднээс уучлал гуйхад харин ч бид уучлал гуйх ёстойгоо хэлсэн дээ. Маш жаргалтай, инээд гэрэлтсэн сайхан залуу гэр бүл байсан.

- Нүүдэлчдийн ирээдүйн талаарх таны бодол?

- Мэдээж хүмүүс ая тухтай суурин амьдралд тэмүүлж, жинхэнэ нүүдэлч малчид ирээдүйд багасах л байх. Гэхдээ огт алга болохгүй гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл монголчуудын амьдрал ахуй, оюун сэтгэхүйд гүн шингэсэн соёл шүү дээ, нүүдэлчин соёл бол. Орчин нөхцөл нь ч тийм юм. Хотод суурин амьдарч буй залуус ч хөдөө тийш тэмүүлдэг болох байх.

- Монголд хаагуур, аль нутгаар их явав?

- Говь, тал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий гээд бараг бүх газраар явсан даа. Харин Дорнодын талыг очиж үзэж амжаагүй явна. Дараачийн удаад заавал очиж үзэх болно. Бас нэг өвөл ирж Хөвсгөлд очиж нэг сар амьдрах төлөвлөгөөтэй байгаа.

- Та зохиолч, яруу найрагч хүн. Уран бүтээлдээ Монголын талаар тусгадаг л байх даа?

- Тэгэлгүй яахав. Тал нутгаас олж авсан мэдрэмжээ илэрхийлсэн, нүүдэлч ахуйн тухай нэлээд шүлэг, эсээний ном хүртэл гаргасан.

- Монголын зохиолч найрагчдаас таних уу? Хэрхэн үнэлдэг вэ?

- Монголын нэрт найрагч Д.Урианхай гуайн шүлэг зохиолтой эх хэлээрээ танилцаж, дараа нь тэр эрхэм хүнтэй биечлэн уулзаж танилцсан. Одоо ч ойр дотно байдаг. Хэдэн жилийн өмнө Солонгост Азийн утга зохиолын фестиваль болж Монголын Д.Урианхай найрагч “Азийн тэргүүн яруу найрагч” шагнал хүртсэн юм. Тэр үед миний бие уг арга хэмжээг зохион байгуулах ажилд гар бие оролцож, Монголоос ирэх зохиолчдыг хариуцан ажиллаж байлаа. Энэ далимаар Д.Урианхай найрагчтай танилцсан юм. Улмаар Монголд аялж явахдаа бичсэн бүтээл, гэрэл зургаараа фото эсээний ном гаргахаар болж хэдэн шүлгээ монголоор орчуулж Д.Урианхай найрагчид өгсөн юм. Тэр агуу хүн өчүүхэн миний шүлэг, эсээг ихэд үнэлж, урам хайрлаж, өмнөх үг хүртэл бичиж өгсөн. Бидний олж хараагүй их сонин өнцгөөс харж сайн бичсэн байна гэж өчүүхэн намайг магтсан шүү. Түүнээс хойш бид хоёр аав, охин хоёр шиг болж дотноссон. Улмаар найрагчийн бүтээлээр “Дамдинсүрэнгийн Урианхайн бүтээл дэх нүүдлийн соёлын тусгал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж утга зохиолын сэтгүүлд хэвлүүлсэн юм. Мөн дээр дурдсан Монголын тухай фото эсээний ном маань маш сайн борлуулагдаж одоогоор гурав дахь удаагаа хэвлээд байна. Мөн хэдэн жилийн өмнө болсон Монгол-Солонгосын зохиолчдын уулзалтаар Пүрэвхүүгийн Батхуяг найрагчтай уулзан танилцаж, зохиол бүтээлийг нь ч үзэж шимтэж байлаа. Харамсалтай нь тэр сайхан найрагч өөд болсонд нэг хэсэгтээ л итгэж чадахгүй явлаа.

- Дараа та хэзээ ирэх вэ?

- Өвлийн цагаар ирж нэг сар орчим суухаар төлөвлөж байна.

-Баярлалаа.

Монголд шунан дурлахуй

Монголд юу байдаг юм бэ? гэж чи асуусан.

Би хэсэг бодлогошроод хариу хэлсэн.

Тэнд нуур, элсэн говь, уудам тал, бас одод буй

Тэгээд миний бага нас шиг улаахан хацартай хүүхдүүд бий.

Тэгтэл чи толгойгоо сэгсрэн

Түүнийг үзэх л гэж тэнд очсон хэрэг үү?

Тэр бүхэн дотор чи байсан юм аа гэж

Золтой л би хэлж орхисонгүй.   

 

Гунигт мэдрэмж

Аараг толгод нөмрөн бэлчих үүлэн сүрэг харлаа

Адгуулах эзэнгүй налайх хонин сүрэг

Аль нэг тийш урсан хуйларч давалгаалан одно.

Хоньчин хүүг даган худгийн ус татаж

Хормой дүүрэн аргал бас түүлээ, би

Үүлэн сүрэг харанхуйг дагуулан хотлох цагаар

Үүнийг хүлээсэн мэт саран авхай мандавай.

Таанын үнэрт салхиар амьсгалан

Тарайн хэвтэж тэнгэр ширтэв

Хэн нэгнийг хүлээх мэт сэтгэл минь догдолж

Хээлэн асгарах оддыг удаан гэгч нь ширтэв.

Хээр талыг бөмбөрдөх морин төвөргөө ойртож холдон

Тэр гэхийн тэмдэггүй гунигт мэдрэмж айсуй ...

 

Нуур хүрэх замд

   Далайн түвшнээс дээш 4200 гаруй метрийн өндөрт орших Цамбагарав хайрханы тагт байдаг нуурыг очиж үзэхээр довтолгож яваад төөрч орхилоо. Монгол нутагт урд зурайх бүхэн зам боловч яг энэ нь зөв зам гэх тэмдэг үгүй. Хадат уулыг хошуулдан тойрч өргөн талыг туулан хаачихаа мэдэхгүй давхиж явтал тэртээх талын дунд арал шиг цайрах ганц гэр нүднээ тусав. Газрын зураг дээр ч тэмдэглэгдээгүй энэ бяцхан талын энгээр цагаан уул цэцэгс хивс дэвссэн мэт хээ татуулан алаглаж тэртээ цаад хаяанд цаст хайрхан уул цайран дүнхийнэ. Гэрийн гадаа тоглож байсан хүү охин хоёр яг л хээр тал шигээ гэрэлт сайхнаар инээмсэглээд гар даллан мэндчилэв. Би өхөөрдөхдөө цүнхнээсээ өнгийн харандаа, зурагтай ном гаргаж өглөө. Надаас зурагтай ном авсан охин гэр лүүгээ ухасхийн гүйж ороод ээжийгээ хөтлөн гарч ирэв. Яг тэр үед өвөө нь морьтой ирж явлаа. Тэд огт танихгүй намайг гэртээ урьж оруулан сүүтэй цай аягалж өглөө. Бас боорцог, ааруулаар дайлав.

   Монголд хөдөө хээрээр аялахад аялалын хагаст нь замаасаа төөрч, хагаст нь замаа эргэж олдог юм. Тэгэхээр замаасаа төөрнө гэдэг нь замаа олно гэсэн үг болно. Цаст уулын тагт буй нуурыг зорьж явааг минь сонссон тэд надад ихэд санаа тавьж, өвгөн мориндоо мордон урд орж газарчлав. Арав орчим насны ач хүү нь мөн мориндоо мордон давхиж явахдаа над руу хараад эгдүүтэй хөөрхөнөөр инээмсэглэнэ. Тэртээд дүнхийх цаст уул жаргаж буй нарны гэрэлт алтран шаргалтаж үзэгдэнэ. Яг тэр нарны алтан цацраг доогуур энэ ертөнц дээрх хамгийн сайхан хоёр эр морьтойгоо уусан алдарч одов. Сэтгэлдээ би аль хэдийнэ нуурандаа очсон байлаа.

Монголын байгаль, нүүдэлч ахуйн тухай өгүүлсэн түүний фото эсээ, шүлгийн ном нь Өмнөд Солонгост гурав дахь удаагаа хэвлэгдэн гарсан байна.

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Маш их таалагдлаа

    2023-08-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    gantulga

    bayarlalaa mash saikhan bichver baina. nvdend haragdaj baina

    2023-08-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Irgen

    Welcome to Mongolia

    2023-08-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.