Монгол төгрөгийг зурсан Ц.Минжүүрийн уран бүтээлийг олон нийтэд дэлгэнэ
Чихэнд чимэгтэй
2023-07-31
Өнгөрсөн зууны монгол мөнгөн тэмдэгтийн зургийг зурж түүхэнд алдаршсан зураач, бурхан урлаач, "уран" хэмээх Ц.Минжүүрийн мэндэлсний 111 жилийн ойн хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд дэлгэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт наймдугаар сарын 4-ний баасан гарагт болох бөгөөд наймдугаар сарын 11 хүртэл гарна. Монголын уран зургийн галерейн менежер Б.Чимэдхорлоо энэ талаар ярихдаа “Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерей, Урчуудын эвлэлийн сан хөмрөг, гэр бүлд нь хадгалагдаж байгаа эх бүтээл, эскиз зураг бүхий 30 гаруй бүтээлийг тавина” хэмээв. 2012 онд зураач Ц.Минжүүрийн 100 жилийн ойд зориулсан “Удам” үзэсгэлэн гарахад зөвхөн эх бүтээл буюу уран зургийн бүтээлүүдийг нь тавьж байсан аж. Харин энэ удаа уран зургийн бүтээлээр зогсохгүй түүний бүтээсэн бурхан болон бусад бүтээлийнх нь эскиз зургийг тавих юм. Мөн үзэгчид тус үзэсгэлэнг нээлтийн өдөр нь үнэ төлбөргүй, бусад өдөр хүүхэд төлбөргүй, оюутан 4000, том хүн 10 мянган төгрөгөөр үзэх боломжтой.
Зураач Цэрэндоржийн Минжүүр нь 1912 онд одоогийн Завхан аймагт төрсөн удам дамжсан уран дархан хүн юм. Тэрээр 1959 онд Улаанбаатарт ирж Урчуудын артельд ажилд орж авьяас бүтээлээрээ танигдан 1961 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач болжээ. Мөн ондоо Германд болсон үзэсгэлэнд “Адуучин” зургаараа оролцож дөрөвдүгээр байрын шагнал хүртээд тус зургаа шуудангийн марканд хэвлүүлж байв. Түүний 1967 онд 52х92 даавуун дээр гуашаар зурсан “Өндөр хангайн нүүдэл” зураг алдартай. Ц.Минжүүр багаасаа хийдэд шавилан сууж бурхны тэг зургийн аргыг нарийн эзэмшжээ. Тиймээс 1962 онд Богд хааны ордон музей, Чойжин ламын музейг сэргээн засварлаж, үзмэрүүдийг нь алтдахад дархчуулыг ахлан ажилласан байна. Улмаар 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба зэрэг судрын алтан шармалыг сэргээн засварлажээ. Олон бурхан бүтээсэн тэрээр 1966 онд Гандантэгчэнлин хийдэд суусан бөгөөд 1989 онд Энэтхэгийн Элчин сайд Бакула Ринбүүчийг Монголд ирэхэд Сайн цагийн мянган бурхан бүтээсэн байна.
Тэрээр 1963 онд улсын мөнгөн тэмдэгтийг бүтээх зураачдын уралдаант шалгалтад орж түрүүлээд нэг, гурав, тав, 10, 25, 50, 100 төгрөгийн зургийг зурсан түүхтэй. Харин тус мөнгөн тэмдэгтүүдийн тоо, үсгийг Германд мэргэжил эзэмшсэн Д.Цэрэнпил, Урчуудын эвлэлийн хорооны зураач Лувсанжамц нар хийсэн ажээ. Мөн Ц.Минжүүр 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, 10, 15, 20, 50 мөнгөний эх загварыг гаргасан юм. Түүнчлэн Д.Цэрэнпилийн хамт 1966 онд нэг, гурав, тав, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд гурав, тав, 10, 50, 100 төгрөг, 1983 онд нэг, гуравтын мөнгөн дэвсгэртийн зургийг зуржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.