images

ШУТИС-ийн багш Б.Лхагвадулам: Бид нэг хаягдлаар нөгөө хаягдлыг цэвэрлэх ажил хийж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-08


БШУЯ-наас санаачлан зохион байгуулж буй Монголын “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд зургадугаар сарын 6-нд төрийн өмчит их сургуулиудын багш, судлаачдын судалж, хэрэгжүүлж буй инновац, инженерчлэлийн бүтээгдэхүүн, шинэ технологиудыг танилцуулав. Энэ үеэр ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын багш, доктор Б.Лхагвадулам “Цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглан шингээгч материал бэлтгэх болон хэрэглэх арга” сэдэвт илтгэл тавьсан юм. Ингээд бохир хаягдлаа хүртэл байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй бүтээгдэхүүн болгох зорилго бүхий энэ сонирхолтой төслийн талаар товч ярилцсанаа хүргэе.

- Та сая танилцуулсан төслийнхөө талаар тайлбарлаад өгөөч. Энэ ямар учиртай төсөл вэ?

- “Инновацийн долоо хоног”-ийн үзэсгэлэнд танилцуулсан энэ төсөл 2021 онд ашигтай загвараар шалгарч байсан. Төслийн судалгааг манай сургуулийн магистрын оюутнууд болон профессорууд хамтран хийж байна. Энэ төсөл бол бохир ус цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглах төсөл юм. Бохир ус нь үйлдвэрийн буюу арьс шир, ноос ноолуур, махны үйлдвэрийн, орон сууцны буюу ахуйн гээд хэд хэдэн янз. Манай төв цэвэрлэх байгууламж уг нь ахуйн бохир усыг цэвэрлэх ёстой байгууламж боловч одоогийн байдлаар бүх төрлийн бохир усыг цэвэрлэж байгаа. Ингэхдээ механикийн болон биологийн цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгээний дараа хамаг хатуу бохирдол нь лаг болж тунаж үлдэнэ. Тэр лаг руу бодис хийж усгүйжүүлэх төхөөрөмжид оруулаад 50, 60 хувийн устай болохоор нь лагийн талбайдаа дэлгэж хатаадаг. Үүний дараа шатаах төхөөрөмжид хийж шатаагаад үнсийг нь шингээгч материал болгодог юм. Тэндээс ялгардаг үнс нь шингээх чадвар сайтай. Өөрөөр хэлбэл, нүүрс шатаасны дараа гардаг үнс, лагийг шатаасны дараах үнс шинж чанараараа ялгаатай байна гэсэн үг. Яагаад ийм байна вэ гэхээр лаг дотор чулуу, металлаас авхуулаад биологийн цэвэрлэгээний органик бохирдлууд байгаа учраас шатаах үед органик шатамхай нэгдлүүд нь шатаад, хатуу нэгдлүүд нь үнс болоод үлдчихэж байгаа юм. Ингээд органик бодис нь шатчихаар үнс нь нүх сүв сайтай байгааг судалгаагаар нотлоод шингээгч материал болгож ашиглахаар шийдсэн хэрэг.

- Тэр шингээгч материалыг юунд ашиглах вэ?

- Үйлдвэрийн цэвэрлэгээний байгууламжид ашиглана. Бид арьс ширний үйлдвэрээс гараад “Харгиа” үйлдвэрээр дамжин цэвэрлэх байгууламжид ирдэг, маш их хром агуулсан, бохирдолтой, муухай үнэртэй хаягдлыг цэвэрлэх талаар судалсан юм. Цэвэрлэхдээ ийм шингээх шинж чанартай материал ашиглаж цэвэрлэх талаар. Арьс ширний үйлдвэрээс pH8, pH9-тэй буюу шүлтлэг, хром агуулсан бохирдол ялгардаг. Гаргаж авсан үнсэн материалаараа тэр бохирыг шүүхээр хортой бохирдол нь нүх сүвээр нь ороод шүүгдэнэ. Тэгэхээр энэ бол нэг хаягдлаар нөгөөг цэвэрлэж байна гэсэн үг. Төсөл маань энэ хоёр төрлийн айхтар хаягдлыг цэвэрлэж, цэвэрлэснээ эргүүлээд ашиглаж болох юм гэдгийг харуулсан. Гэхдээ энэ бол цоо шинэ юм биш л дээ. Дэлхий дахинд лагийг эцсийн боловсруулалтад оруулахдаа яг ингэж шатааж хэрэглэдэг. Гагцхүү манайд энэ аргыг нутагшуулж хэрэглэх л дутуу байна.

- 2021 онд ашигтай загварын патент авснаас хойш ямар ахиц дэвшил гарсан бэ?

- Энэ гурван том үе шаттай ажил. Нэгдүгээрт, лагаа усгүйжүүлнэ. Дараа нь хатаана. Гуравдугаарт шатаана. Тэр бүрд төхөөрөмж хэрэгтэй. Одоо бол хоёрдахь үе буюу төв цэвэрлэх байгууламжийн лагийг хатаах байгууламжийн ажлыг солонгосчуудтай хамтраад хийж байна. Зөвхөн судалгаагаар шийдэгдчихдэг ажил биш юм. Дараа дараагийн ТЭЗҮ-ийг боловсруулах гээд их ажил бий. Хатаах үед лагаас мөн хуурай шороо ялгардаг. Тэрийг зам, цементний нэмэлт болгон ашиглаж болох учраас энэ чиглэлийн судалгааны ажлыг яг одоо хийж байгаа.

- Цэвэрлэх байгууламжийн лаг өөр ямар ашигтай байж болох вэ?

- Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лаг нэг талдаа их үнэтэй эд. Жишээ нь, хүнд металл, химийн бодисгүй бол сайхан бордоо болно. Бидний ашигладаг угаалгын нунтагийн химийн нэгдэл хүртэл задрахгүй явсар лаг дотор орчихсон байдаг. Гэтэл манайх ямар ч шүүлтүүргүйгээр зүсэн зүйлийн бохир усаа нийлүүлчхээр тэндээс нь хүнд метал, химийн хорт бодистой лаг үүсэж тэрийг нь эргүүлээд бордоо болгоод ч болов ашиглаж чадахгүй байгаа юм. Улсаас энэ ажлыг дэмжээд бага оврын шатаах байгууламж барьчихвал үнсийг нь ашиглах боломжтой. Энэ ажлын ТЭЗҮ-г мөн одоо хийж байна.

- Танай сургууль хими технологийн ийм аргаар барилга байгууламжийн материал үйлдвэрлэх тухай хичээл, сургалтын хөтөлбөртэй юм байна, тийм үү?

- Яг энэ ажлыг манай сургуулийн хүрээлэн буй орчны инженерийн салбарынхан хийдэг. Манай салбар дөрвөн төрлийн мэргэжилтэн бэлтгэж байна. Хуучны сантехникийн инженер мэргэжлээс орчин үед ус хангамж, ус цэвэрлэгээ нь салчихсан. Барилга руу орж байгаа цэвэр усны хангамжийг хариуцна гэсэн үг. Тэнд гадаргын эсвэл гүний усыг шууд ашиглана гэж байхгүй. Усаа ариутгана, цэвэрлэнэ. Дараа нь ариутгах татуурга гэж нэрлэдэг угаалгын машин, гал тогоо, суултуур, шүршүүрээс гарч байгаа бүх бохирыг нийлүүлж бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэдэг. Энэ ажлыг хариуцсан нэг инженер байна. Хоёр дахь нь хаягдал боловсруулах технологийн инженер. Одоохондоо цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулах инженер байхгүй учраас хатуу хаягдал боловсруулах инженерүүд энэ ажлыг хийж байгаа.

     Нэмээд хэлэхэд, бид солонгосчуудтай хамтарч нэг төсөл хэрэгжүүлж байна. Морингийн давааны цэвэрлэх байгууламж гэж байдаг юм. Тэнд туркууд метан танк барьж өгсөн юм. Метан бол шатамхай хий. Метан танк гэдэг нь лагаас дэгдэж буй тэр хийг энерги болгож хувиргадаг байгууламж гэсэн үг. Энэ метан танкаар хувиргасан тэр эрчим хүчээр халаалтын төхөөрөмжийнхөө ашиглах эрчим хүчний 30 хувийг шийднэ гэж тэнд бариулсан. Бүр 2018 онд бариад бүх хөрөнгө оруулалтаа хийчихсэн боловч одоогоор огт ашиглаагүй байгаа. Энэ яагаад ажиллахгүй байна гэхээр нэгдүгээрт мэргэжилтэн байхгүй. Хоёрдугаарт, тэд ажлаа бүрэн хийгээгүй буюу ашиглалтад оруулаад, ажлыг нь зүгшрүүлж өгөлгүй дутуу орхисон юм. Уг нь тэр метан танк лагаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, бохирын үнэр танарыг шийдэх шийдэл нь мөн. Бохирын үнэрээс салах шийдлийг аль эрт тэнд хийчихсэн гэсэн үг. Тиймээс бид энэ ажлыг гүйцээж хийх гээд дөнгөж долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосоос био хийн мэргэжилтэн ирээд тэр танкийг шалгасан. Одоо бид хөрөнгө оруулалтаа Солонгосоос татахаар ажиллаж байна.

- Тэгэхээр үйлдвэр, байгууламжаа барьчихвал түүхий эд болох лаг бол асар их байна. Энэ бараг үнэгүй түүхий эд мөн биз дээ?

- Тийм ээ, энд түүхий эдийн үнийн тухай ярихгүй. Лагийн талбайд лаг хуримтлагдаад нэг дор байж байна. Харин байгууламжийн тухайд АНУ-ын хөрөнгө оруулалтаар “Мянганы сорилын сан” ус цэвэрлэх байгууламж барьж өгч байгаа. Мөн бохир ус цэвэрлэх ийм байгууламжийг хятадууд барьж өгч байна. Тэр бүрд лагийг нь яах вэ гэдэг асуудлыг үргэлж хажууд нь шийддэг. Хятадын барьж буй байгууламжийн цэвэрлэсэн усыг дулааны цахилгаан станцад дахин ашиглана. Лагийг нь усгүйжүүлээд метан танканд оруулж эрчим хүч гаргах юм. Эдгээр ажлыг хийхээр ТЭЗҮ-ийг нь боловсруулчихсан, одоо барилга угсралтын шатандаа явж байгаа. Барилгын ажил нэг, хоёр жилийн дараа дуусаад ашиглалтад орно. Тэр үед мэдээж хүний нөөц хэрэгтэй. Хүний нөөц нь манай сургуульд бэлтгэгдэж байна. Шат шатандаа л энэ асуудал шийдэл рүүгээ ойртож байна гэж ойлгож болно.

- Бохир ус гаргадаг нэг том эх үүсвэр болсон арьс ширний гэх мэт үйлдвэрүүдтэй танай төсөл ямар уялдаатай ажиллаж байна вэ?

- Одоогийн хуулиар үйлдвэрүүд гаргаж буй бохир усандаа агуулагдах хүнд металл, хорт бодисын агууламжийн хэрээр их хэмжээний нөхөн төлбөр төлөх болж таардаг. Тиймээс үйлдвэрүүдийг цэвэрлэх байгууламжтай бол гэсэн хуулийн заалт бий. Гэтэл тэр хувийн байгууллагууд зөв, буруу юм тавьчихаж магадгүй. Тэрийг “Мянганы сорилын сан”-гийн том төслөөр нэг талд нь гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрүүдэд зориулсан цэвэрлэх байгууламжийн гарын авлагыг бэлдэж өгөх юм. Тэрийг нэг төхөөрөмжөөр шийднэ гэж байхгүй, цогц системээр л цэвэрлэнэ. Нөгөө талдаа арьс шир, ноос ноолуур, махны гээд ус ашиглахгүй үйлдвэр гэж байхгүй. Гэхдээ тэр үйлдвэр бүрт тохирсон өөр өөр цэвэрлэх байгууламж байх учраас салбар бүрд нь зориулж гарын авлага хийх ёстой, хийхээр ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.