images

Александр Дюма монгол айлд зочилсон нь

Б.Бат-Амгалан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-05


   Халимагийн нийслэл Элстэй хотын үүдэнд Хошуудын Цэрэнжав (оросчлогдоод Сербеджав гэдэг болжээ) ноёны хөшөө байдаг юм байна. Хөшөө байгуулснаас хойно буюу 2015 онд энд босгосон дурсгалын самбар дээр, 1812 оны дайнд тэр ноёны удирдаж Францтай байлдсан Халимагийн хоёрдугаар морьт хорооны (Астраханий ч гэдэг) цэргүүдийн нэрийг сийлсэн аж. Тэдгээр нэрс Муухүүхэн, Шарнохой, Зундуй, Бааст, Уртнасан, Мөнхнасан, Чавганц, Эрдэнэ гэхчлэн дурайхыг үзвэл Астраханий ойрадуудын нэр монголоороо, төдийлөн оросчлогдоогүй байсан үе ажээ. Орос-Францын тэр дайнд Халимагийн морьт хороо орос цэргийн тэргүүн эгнээнд явж 1814 оны гуравдугаар сарын 19-нд Парис хотод орсныг энд ярилтгүй. Үүх түүх үзвэл мөн тэр үед Халимагийн хорооны туг сүлд анх ойрадууд 200 шахам жилийн өмнө Зүүнгараас авч ирсэн тэр хэвээрээ байсан бөгөөд Дайчин тэнгэр, Охин тэнгэр гэж хоёр сүлд байж. 1756 онд Хэрээстийн шашинд орсон ойрадуудад нь цайз, хэрээс зурсан орос туг тусад нь хийж өгсөн бол Бурханы шашинтай хэвээрээ ойрадууд нь цагаан морьтой хоёр сүлдээ тахисаар улаан засгийн үе хүрээд, тэр хоёр сүлдээ Хошуудын хурал хэмээх хийддээ тавьж тахиж байсныг Иргэний дайны үеэр большевикууд эвдэж түлсэн гэдэг.

Баатар Увш Түмэний зургийг нь гарган удирдаж байгуулсан Хошуудын хурал. 1850-иад он.  

     Тэр Хошуудын хурал хэмээх гоёмсог хийдийг Цэрэнжав ноён Францтай байлдаж ирээд, дайнд үрэгдсэн ойрадуудын хойдын буянд зориулж байгуулахаар санаачилж улмаар дүү Баатар Увшийн хамтаар дөрвөн жил зүтгэж бариулсан байна. Энэ Баатар Увш нь тухайн үеийн Халимагийн өндөр боловсролтой сэхээтэн, бичгийн хүн бөгөөд Гаван Шаравын зохиосон Ойрадын түүхээс уламжлан “Дөрвөн Ойрадын түүх” (Хальмг хаадын тууҗиги бичен товч оршва) хэмээхийг бичсэн Баатар Увш Түмэн даруй мөн. (“Дөрвөн Ойрадын түүх”-ийг орос хэлнээ орчуулсан Петербургийн их сургуулийн эрдэмтэн Г.Лыткин бичихдээ, ах дүү хоёр ноён туйлын баялаг номын сантай, үүнд монгол тод бичгээр бичсэн ном судар арвин их бийг бахдан тэмдэглэсэн байдаг. Ингэхдээ энгийн нэг номын сан бус, книгохранилище гэдэг үгийг хэрэглэсэн нь сонин) Бичгийн төдийгүй цэргийн хүн бөгөөд 1812 оны дайнд оролцсон, 1831 онд Орос-Польшийн дайнд яваад Польшийн зүүн хойд нутгийн Остроленка гэдэг хотын дэргэд тулаанд орж ахуйдаа бууны суманд эрсэджээ. Нас лав тавь нэлээн гараад байсан болов уу.

   Энэ Түмэн ноёныхныг хойд, хошууд гэж хоёр янзаар хэлэх боловч эдний өвөг хойдын Дэжид ноён Зүүнгарын улсыг унахад 800 өрх авч Манжаас дутаан Семипалатинскаар дамжин Оросын хаанд гуйж ороод нутаг заалгаж Тюменьд суусны дараа удалгүй Ижилийн торгуудуудыг бараадаж очоод бие барсны хойно (1760 он) гэргий Өлзий-Орших нь хошуудын ноён Жамъянтай дэр нэгтгэжээ. (Одоо Астрахань мужийн Енотаевский район гэдэгт Замьяны гэж суурин буй нь даруй энэ Жамъян ноёны нэр улиран ирсэн хэрэг. Жамъян ноён нь Халимагийн Увш хаанд албат ардынхаа ихэнхийг алдаж дуусмагц эхнэр, өргөмөл хүүгээ авч нийслэлд хүрээд II Екатерина хатан хаанд гомдол мэдүүлэхийн хамт нүүдлийн амьдралаас байж суурин аж төрөх хүсэлтэйгээ айлтгаад, суух байшин хүссэнд Ижил мөрний баруун эрэгт одоогийнхоор бол хаус барьж өгчээ. Тэр “хаус” барьсан газрыг ноёны нэрээр Замьян-городок гэж нэрлэв. 1771 онд Увш хаан уугуул нутаг Алтай руу нүүж одоход, сууж байсан цэцэрлэгт өргөөг нь Жамъян ноён Астраханийн амбан Н.Бекетовт хэлж гуйж аваад нүүж явахад үлдсэн тэр “хаус”-ыг төвлөн хасаг цэргийн суурин байгуулсан нь явсаар энэ Замьяны болжээ) Тэгэхэд гурван настай ирж ноёнд өргөгдсөн хүү Түмэнжаргалангаас хожим Халимагийн одоогийн Тюменевы овог үүссэн гэх бөгөөд хошуудын гэх учир нь нь, хошуудын Гүүш хааны үр Галданданзангийн хүү Амарсанаа бэлбэсэрсэн эхийнхээ гэдсэнд хойд аймгийн Үйзэн хошуучийнд ирээд хожмоо Хойдын Амарсанаа гэгдэх болсонтой төстэй юм уу даа. (Баатар Увш Түмэний зохиолд энэхүү Үйзэн хошуучийн хүү Баатарцэвдэн, түүний хүү Бат ноён, түүний хүү Дэжид, түүний хүү Түмэнжаргалан, түүний хүү Цэрэнжав, Баатар Увш (зохиогч өөрөө), Цэрэндондог, Цэрэнноров гэхчлэн бий) Жамъян ноёны төрсөн хүү Увш хаантай шадарлаж эцгээ хохироосноор зогсохгүй олон зуун өрх авч зүүнш нүүсэн бөгөөд Астраханий Хошууд аймгийг (Хошеутовский улус) эзэн мэдэх тэмцэл Жамъян ноёноос хойш ч үргэлжилсээр явж явж Цагаан хааны соёрхлоор энэ эрх Түмэнжаргалан ноёнд очиж хойшид уламжилсан тул эднийхнийг хошуудын гэх нь зөв ч биз. Үүнийг бичигч бол түүх сонирхохоос биш мэдэхгүй, энэ талаар судалж нэг мөр болгосон зүйл эрхбиш бий биз ээ.

Түмэнжаргалан ноёны хөвгүүд. Зүүн гараас Цэрэнжав, Баатар Увш, Цэрэнноров. 1820-иод онд Карл Гампельн хэмээх зураачийн зурсан зураг.  

      Түмэн ноёныхны үүх түүх, явдал суудал, боловсрол мэдлэг, хураасан хөрөнгө, харъяат ардаасаа олсон өндөр нэр хүнд, үлдээсэн өв, Цагаан хааны төрд байгуулсан гавъяа зүтгэл, хүртсэн цол хэргэмтэй холбоотой сонин сайхан баримт өдий төдий байдаг бололтой. Тэдгээрээс ганцыг үзсэнээ энд зурвас дурьдахад, монголчуудын сайн мэдэх Францын их бичгийн хүн Александр Дюма 1858 онд Орост ирж нэг жил болохдоо Астраханьд долоо хоносон бөгөөд тэр үеийн Хошууд аймгийн залуу ноёныхоор (Цэрэнжав ноёны дүү нарын нэгний хүүхэд болов уу) зочилж дайлуулж цайлуулсан, Хошуудын хурлаар орсон тухайгаа тодорхой бичсэн бий. Хийдэд морилоход нь урьдаас бэлдсэн ёсоор хэнгэрэг цан, хонх дамар, бүрээ бишгүүр гэнэт дуурьссан нь түүнийг ихэд цочоосон тухай А.Дюма бичсэн бөгөөд “Чих дүлийрчих шиг боллоо... Тамд л ийм хөгжим дуугардаг байх... Эднийг тоглож байгаа хүмүүс хөгжмийн ямар ч мэдлэггүй нь харваас илт... Чанга л дуугаргаж байвал болдог, ингэж байж л Далай лам нь таалдаг байх... Хөгжим удирдаж буй шар овоодой малгай, улаан орхимжтой хүнийг хараад “Фауст”-ын Мефистофель санаанд буув” гэхчлэн бичсэн нь хөгжилтэй. Харин Түмэн ноёнд бараалхан танилцаж, орд өргөөнд нь саатан зочлуулсан, ордны хатадтай танилцсан, халимаг охидын гоо сайхныг биширсэн, ойрад язгууртны ахуй соёл, аж төрлийн  өдий төдий сонин сайхныг үзэж бахадсан тухайгаа магад нэмэр хачиргүй бөгөөд туйлын тодорхой бичсэнээс өчүүхэн хэсгийг сийрүүлбэл “Түмэн ноён үнэхээрийн хүнлэг хүн юм. Хатныхаа дагалт хиа, шивэгчнийг заавал өнчин хүүхдүүдээс сонгож авдаг гэнэ. Бас их чинээлэг хүн байна. Энэ хүний хөрөнгө чинээ манайхныхтай адилгүй, бид үнэлье гэвч чадахааргүй юм. Харъяат албат гэвэл 10 мянга, нэг хүнээс жилдээ 10 франк татдаг гэнэ. Мал ахуй гэвэл 50 мянган адуу, 20 мянган тэмээ, 8-10 сая хоньтой, түүнээсээ 600 мянгыг нь жил бүр Казань, Дон, Царицын, Дербентийн яармагт аваачиж борлуулдаг” гэжээ. Нэмсэн хассан нь бүү мэд, ямар ч байсан агуу их Александр Дюма л ингэж бичсэн байна. “Монте Кристо гүн”-г бид анх уншиж байхдаа, зохиолч нь Монголд ирээгүй ч монгол айлд зочилж, идэж ууж явсан гэж хэлбэл “Битгий солиор!” л гэх байсан байх даа. Тэгвэл үнэхээр зочилсон, зочилсон тэр айл нь Элстэй хотын хаалганаа өдгөө хөшөө нь буй Цэрэнжав ноёны гал голомт байжээ.

Элстэй хотын үүдэн дэх Цэрэнжав ноёны хөшөө.

Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.