images

М.Бат-Эрдэнэ: Нью-Йоркт 5:27, Берлинд 4:13, Токиод 3:50 гүйлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-07


Нийслэл дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хөдөлмөрийн багш, 23 настай гүйгч М.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр платиниум ангиллын олон улсын зургаан том марафонд оролцох зорилготой бөгөөд одоогоос нэг сарын өмнө Токиогийн марафонд амжилттай оролцоод ирсэн юм.

-Та Токиогийн марафонд амжилттай оролцоод иржээ. Монголоос хэдүүлээ явсан бэ. Марафоны уур амьсгал ямар байв?

--Монголоос хөтөчтэйгөө хамт очсон. Америкаас мөн Монголын гурван гүйгч ирж оролцсон юм. Токиогийн марафон миний оролцсон гурав дахь том марафон боллоо. Дэлхий дээр Америкийн гурав, Европын хоёр, Азийн нэг, нийт зургаан том марафон бий. Америкийнх нь Нью-Йорк, Бостон, Чикаго, Европынх нь Лондон, Берлин, Азийнх нь Токио хотод болдог. Саяны марафонд 36 мянган хүн оролцсон байна лээ. Мэргэжлийнхэн нэг, сонирхогчид нэг, тэргэнцэртэй гүйгчид нэг гээд өөр өөр гараанаас гарсан. Мэргэжлийн тамирчид нь барианаас түрүүлж гарна. Ер нь марафонд хэддүгээр байрт орох нь чухал биш. Гол нь өөр өөрийгөө зөв замаар зугаацуулж, өөрийгөө ялах л чухал байдаг.

-Токиогийн марафоны барианд оронгуутаа газар хэвтээд өгсөн байсан. 42 километр замыг туулаад барианд орох ямар байдаг вэ?

-Марафонч хүний хамгийн их баярладаг юм нь замаа дуусгаж бариандаа орох. Барианд орсны дараа нуруунаас хүнд зүйл аваад хаячих шиг л хөнгөрнө. Токиогийн марафоны эхний гучаад километрт би зүгээр гүйж байсан ч 31, 32 дахь километрээс хямарч эхэлсэн. Холын зайд гүйхэд маш их хүч, энерги зарцуулдаг учраас өлсөж, цангадаг. Тэр үед бүгдийг тэвчиж байж л замаа дуусгана. Миний хувьд 32 дахь километрээс өлсөж, 37 дахь километрээс хэт их ядарснаас нойр хүрч эхэлсэн. Тэгсэн ч гүйсээр барианд ороход 200 метр үлдэх үед манай хөтөч “За яваарай” гэсэн. Ингээд хар эрчээрээ гүйж бариандаа ороход хамаг бие хөнгөрч, амармаар санагдсан болохоор хөтөчдөө хэлээд газар хэвтээд өгсөн. Нэг мэдэхэд л бариандаа орчихсон байсан. Ер нь жинхэнэ марафон 32 дахь километрээс л эхэлдэг. Тэгэхээр гүйгчийн тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгадаг зам бол 32-42 километр хүртэлх арван километрийн зай. Тэнд л өмнө хийсэн бэлтгэл сургуулилтын үр дүн гардаг болохоор марафонч замаа заавал дуусгана гэж сэтгэл зүйгээ өндөрт тавих ёстой.

-Хэзээнээс холын зайд гүйх болсон бэ?

-Би багаасаа л гүйх дуртай хүүхэд байсан. 2017 онд “Ахиллес Монгол” олон улсын байгууллагын АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Sport Visitor” хөтөлбөрт хамрагдсан юм. Энэ хөтөлбөрт 10 хүүхэд хамрагдаж АНУ руу явсан. Хөтөлбөрийн зорилго нь спортоор дамжуулан хөгжиж төлөвшихөд нь туслах байв. Ингээд би 2018 оноос холын зайн гүйлтэд бэлдэж эхлээд 2019 онд АНУ-ын Нью-Йорк хотын марафонд оролцсон. Энэ миний анхны марафон.

Токиогийн марафоны үеэр

-Оролцсон марафоныхоо замыг хэр хугацаанд туулж байсан бэ?

-Анх Нью-Йоркийн марафонд 5 цаг 27 минут гүйж байсан. Дараа нь Берлиний марафонд 4 цаг 13 минутад бариандаа орж амжилтаа ахиулав. Сая Токиогийн марафонд мөн л хугацаагаа ахиулж 3 цаг 50 минутад замаа дуусгасан. Өнгөрсөн жилийн марафонд гүйсэн цагаа энэ жил ахиулах л марафончдын хамгийн том амжилт байдаг.

-Энэ гурван марафонд оролцоход ялгаа нь юу байсан бэ?

-Нью-Йоркийн марафоны зам нь нэлээн чанга байсан. Зам нь нэг өгсүүр болж, нэг уруудсан бартаа ихтэй байсан нь гүйгчдээс их тэвчээр шаардаж байлаа. Харин Берлиний марафонд олон хүн оролцсон учраас маш их шахагдаж, хүнтэй мөргөлдчихгүйг хичээсэн. Токиогийн хувьд зам нь сайхан чөлөөтэй цэлгэр байв. Миний бодлоор Токиогийн марафоныг бусад таван марафоноосоо илүү шалгуур өндөртэй юм байна гэж бодож байна.

-Том марафонд оролцоход ямар шалгуур тавьдаг вэ?

-Өндөр шаардлага тавьдаг. Ойрын хэдэн жил ямар марафонд оролцож хэдэн километр гүйсэн бэ, бэлтгэлийн үеэрээ хэдэн километрт гүйдэг вэ, 10 километрээс дээш зайд бэлтгэл хийдэг үү гэх мэт шаардлага тавина.

-Таны марафонд оролцох зорилго, шалтгаан юу вэ?

-Марафонд оролцох зорилго зөвхөн өөрөө өөрийгөө ялах, өөрийнхөө тэвчээрийг шалгаж, энэнээс илүү тэвчих ёстой гэж өөрөө өөрийгөө ялан дийлэх учраас өмнөх марафонд гүйсэн цагаа ахиулах л миний зорилго. Харин манай “Ахиллес”-ийн зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор дамжуулан нийгэмд идэвхтэй оролцуулж дэмжих юм.

-Хол зайг амжилттай гүйж туулахад бэлтгэл чухал. Бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Долоо хоногт 3-4 удаа, шаардлагатай үед өдөр бүр бэлтгэл хийнэ. Өвөлдөө хүчний, зундаа гүйлтийн бэлтгэл хийдэг. Ажлын өдрүүдэд ажил эхлэхээс өмнө эсвэл хойно, тэгээд амралтын өдрүүдээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн замыг тойрч гүйдэг юм. Мөн “Ахиллес”-ийнхэн тэнд мэргэжлийн болон олон нийтийн гүйлт зохион байгуулдаг. Одоо Чикагогийн марафоны бэлтгэл эхэлчихсэн байгаа.

-Шууд л 42 километрт гүйнэ гэж байхгүй байх. Бага багаар туулах замаа ахиулсан уу?

-Хамгийн анх 2017 онд Улаанбаатарын марафонд таван километрт гүйж 45 минутад бариандаа орж байлаа. Дараа нь 10, 21, 42 гээд километроо ахиулсан.

-Холын зайд гүйхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Холын зайд гүйхээр хэт ядрах эсвэл таталт өгөх, булчин шөрмөс чангарах магадлалтай. Тийм болохоор бэлтгэлээ маш сайн хийж, нойр, хоолоо зохицуулдаг. Нэг өдрийн бэлтгэл алдвал өмнөх бэлтгэл үр дүнгүй болно. Өдөрт нь тав, арав, дээд тал нь 20 км гүйж амьсгаагаа задалж, хүчний дасгал хийх хэрэгтэй.

-Тэмцээнд орохын өмнө нойр хоолоо яаж зохицуулдаг вэ?

-Тэмцээнд орохоос хоёр цагийн өмнө хоол иддэггүй. Гэхдээ өлөн гүйж болохгүй учраас шөлтэй хоол иднэ. Марафон болохоос долоо хоногийн өмнө хоолоо зохицуулж, байнга шөлтэй хоол иддэг. Нэг ч хуурай хоол идэхгүй. Мөн хүйтэн ундаа, кола уудаггүй. Гэхдээ ундаа ууж болно л доо. Миний хувьд ундаа уувал марафоны үеэр биед сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж болгоомжилдог. Тэгээд марафоны өмнөх өдөр бүтэн амарна. Харин түүнээс өмнө 10, 15, 20, 25 км гээд замаа ахиулж гүйж байгаад буцаагаад 25, 20, 15, 10 км гээд бууруулж гүйдэг. Ер нь багаас их, ихээс бага гэсэн маягаар бэлтгэлээ хийдэг. Тэгээд өдөрт наймаас дээш цаг унтаж амарна даа.

-Зургаан том марафоны гуравт нь аль хэдийнэ оролцжээ. Энэ зургааг дуусгахаар зорьж байгаа байх. Дараа дараагийн зорилгоосоо хуваалцаач?

-Чикагогийн марафонд гүйх эрхээ авчихсан байгаа. Ирэх аравдугаар сард болно. Үүний дараа үлдсэн хоёр марафоноо дуусгах зорилготой. Гэхдээ эдгээр марафонд бүгдэд нь оролцох тийм амархан биш. Учир нь, энэ зургаан марафоны тавд нь оролцчихсон хэдий ч үлдсэн нэгд нь оролцож чадахгүй, эрхээ авахаар 10, 20 жил хүлээж байгаа хүмүүс ч бий. Тийм болохоор байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ууланд авирагчид Эверэстийн оргилд гарах мөрөөдөлтэй бол марафон гүйгчид энэ зургаан марафоныг дуусгахыг хүсдэг.

-Та гүйлтээс өөр юу сонирхдог вэ?

-Дуу хөгжимд дуртай. Ганцаараа байхдаа дуу дагаж дуулна шүү дээ.

-Сувиллын цэцэрлэгт ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Би энэ цэцэрлэгт өнгөрсөн оны наймдугаар сард ажилд орсон. Багадаа энэ цэцэрлэгт явдаг байсан болохоор их сургуулиа төгсөөд энэ цэцэрлэгтээ ажилд ороход манай гэр бүлийнхэн их баярласан.

10 дугаар цогцолборын багш нарын хамт

-Аль их сургуулийг төгссөн бэ?

-Би 85 дугаар сургуулийг төгсөөд МУБИС-д элсэж тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжил эзэмшсэн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд хичээл зааж, өөрт нь “Чи чадна, чи мундаг” гэж итгэл найдвар, урам зориг өгч, эцэг эхчүүдэд нь “Танай хүүхдийн хөгжлийн бэрхшээл хүндээс хөнгөн болох боломжтой” гэдгийг эерэг талаас тайлбарлаж ойлгуулах сайхан байдаг. Ингэж байж л бид тэр хүүхдийг хөгжүүлж чадна. Улмаар хүүхэд сургуульд орно. Бүр цаашлаад нийгэмд идэвхтэй амьдарна. Миний заасан хичээлийг хүүхэд сурч аваад дараа нь сургуульд ороод бүр гүнзгийрүүлж судална гэхээр сайхан санагддаг. Манай ангийнхан МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангийн дөрөв дэх төгсөлт. Одоо манай ангийнхны ихэнх нь мэргэжлээрээ ажилд орчихсон байна.

-Ярилцсанд баярлалаа.

Видео мэдээ үзэхийг хүсвэл энд дарна уу.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.